
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ХБНГУ-д энэ оны гуравдугаар сард хийсэн төрийн айлчлалын үеэр монгол, германы харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан ХБНГУ-ын зарим иргэнийг шагнасан байна.
Их Монгол Улс байгуулагдсаны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан 6 дугаар сарын 25-ны Даваа гарагт Берлин хотноо зохион байгуулсан хүлээн авалтын хүрээнд Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж Холбооны Эдийн засаг, технологийн яамны Гадаад худалдааны эрх зүй, экспортын хяналтын газрын дэд захирал ноён Карл Вендлинг, Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Зохион байгуулалт, захиргааны тасгийн дарга хатагтай Моника Вестфал, Холбооны Эрүүл мэндийн яамны Гадаад харилцааны тасгийн дарга ноён Петер Помпе, Холбооны Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлт, олон улсын нийгмийн бодлогын хэлтсийн ажилтан ноён Кнут Айххорн, Герман-Монголын нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн ноён Франк Фоссен, монгол судлаач ноён Райнер Нуклийс нарт “Найрамдал” медаль гардуулав.
Шагнал гардуулах ёслолын үеэр Элчин сайд нэр дурдсан хүмүүст талархал илэрхийлэн чин сэтгэлийн баяр хүргэв.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ