Премьер лигийн 20 багийн эзэд

img

Английн Премьер лигийн 20 багийн яг тэн хагас нь гадаад эзэнтэй. “Блэкберн”-ийг Энэтхэгийн томоохон компани худалдан авсанаар гадаад, дотоод эзэнтэй багуудын тоо яг 10:10 болж тэнцсэн юм. Английн шилдэг 20 багийн эздийг танилцуулья.

"Арсенал" – Arsenal Holdings plc

“Арсенал”-ын бүрэн эрхт эзэн болохын төлөөх тэмцэл их ширүүн өрнөж буй. "Арсенал" нь хагас хариуцлагатай компани юм. Удирдах зөвлөлийн нь компанийнхаа 45.2 хувийг эзэмшдэг. Үүнээс гадна Америкийн хөрөнгө оруулагч Стэн Кронке 29.9 хувь, Оросын тэрбумтан Алишер Усманов 26 хувийг нь эзэмшдэг. Кронке, Усманов хоёрын аль нэг нь хувьцааныхаа хувийг ихэсгэж, гол эзэн болохыг ихэд хүсдэг гэнэ. Кронке Удирдах зөвлөлд багтдаг тул тэмцэлд ялах магадлал харьцангуй өндөр.

“Астон Вилла” – Рэндольф Лернер (АНУ)

Рэндольф Лернер бас “Кливленд Браунс” багийн эзэн. Тэр 2006 онд “Астон Вилла”-г авсан юм. Олны өмнө ил гарч, би эзэн нь гэж цээжээ дэлдэх дургүй. Түүний хөрөнгө 1.5 тэрбум паундыг давдаг.

"Бирмингем" – Карсон Юнг (Хонконг)

Хонконгийн тэрбумтан Карсон Юнг “Бирмингем”-ийг эзэмшдэг болохоор Английн энэ багийн реклам Хятадын телевизээр байсхийгээд л цацагддаг. Тэр 2007 онд “Бирмингем”-ийг авахдаа 81.5 саяыг төлсөн гэх цуу бий.

“Блэкберн Роверс” - Venky’s Group (Энэтхэг)

Шувууны бизнесээр дэлхийд тэргүүлэгч Энэтхэгийн Venky’s Group “Блэкберн”-ийг аваад удаагүй байна. Тус багийн бүх өрийг дарж, дээр нь 46 саяыг өгч эзэн нь болсон энэ группынхэн Английн багийг авч буй анхны энэтхэгчүүд юм.

“Блэкпул” – Оуэн Ойстон

Ойстон бүр 1987 онд “Блэкпул”-ын нийт хувьцааны 80 хувийг цуглуулж чадсан юм. Түүний хөрөнгө 105 сая паунд гэж үздэг байна. Харин багийн үлдсэн 20 хувь нь Латвийн тэрбумтан Валери Белоконюгийн эзэмшил.

“Болтон Уондерерс” – Эдди Дэвис

Дэвис олны нүдэнд өртөхийг хүсдэггүй эздийн нэг. Тэр хар багаасаа л “Болтон”-ы үнэнч хөгжөөн дэмжигч байжээ. Түүний удирддаг Burnden Leisure PLC компани 2003 онд багийн ихэнх хувьцааг худалдан авсан юм.

“Вест Бромвич Альбион” – Жереми Пис

2000 онд “Вест Бром”-ын Удирдах зөвлөлд орж, хоёр жилийн дараа ерөнхийлөгч нь болсон. Харин үүнээс гурван жилийн дараа багийн нийт хувьцааны ихэнхийг эзэмших болсноо зарласан. Бас л хөшигний ард байх дуртай нууцлагдмал эздийн нэг.

“Вест Хэм Юнайтед” – Дэвид Голд, Дэвид Салливан

Олны танил болж амжаагүй хоёр эр 2010 оны нэгдүгээр сард багийн хувьцааны 50 хувийг нийлж авчээ. Харин тавдугаар сар гэхэд хувьцаагаа 60 хувь болгож өсгөж амжсан юм. Голд, Салливан нар үлдсэн 40 хувийн хувьцааг Ирландын Straumur-Burdaras банкнаас худалдан авах сонирхолтой.

“Вулверхэмптон Уондерерс” – Стив Морган

Стив Морган 30 саяыг багийн хөрөнгө оруулалтад зарцуулах ам өчиг өгч эзэн нь болсон. Үүнээс өмнө тэрээр “Ливерпуль”-ийг авах гэж үзээд бүтэлгүйтсэн юм. Морганы нийт хөрөнгө 350 сая паундын босгыг давдаг.

«Ливерпуль» – New England Sports Ventures (АНУ)

Өмнөх эзэд Том Хикс, Жорж Жиллетт нар New England Sports Ventures компанид багаа өгөх тун дургүй байсан. 300 сая паундаар Английн хамгийн алдартай багийг худалдан авсан юм. Үүнийг Хикс, Жиллетт нар хэтэрхий хямд үнэ гэж шүүхэд хандсан ч амжилт олоогүй.

«Манчестер Юнайтед» –Глэйзерийн гэр бүл (АНУ)

Английн шилдэг багийг Америкийн тэрбумтнууд авсан бас нэгэн тохиолдол. Малькольм Глэйзер бас “Тампа-Бей Бакс” багийн эзэн. 2005 онд “Манчестер Юнайтед”-ийг худалдан авахдаа Глэйзерийн гэр бүлийнхэн 850 саяын өрийг хэвээр нь үлдээсэн юм. Харин сүүлийн үед энэхүү өрөөс бага багаар дарж эхэлжээ. Гэлээ ч багийн хөгжөөн дэмжигчид Глэйзерийн гэр бүлийнхний эсрэг тэмцлээ үргэлжлүүлсээр байгаа.

“Манчестер Сити” – Шейх Мансур (АНЭУ)

“Манчестер Юнайтед”-ийг гадаадын тэрбумтан худалдан авахад хөгжөөн дэмжигчид нь эсэргүүцэж угтсан бол “Сити”-г Арабын Нэгдсэн Эмират Улсын хааны гэр бүлтэй тун ойр Шейх Мансур худалдан авахад хөгжөөн дэмжигчид нь баярлан угтжээ. Шейх Мансурын хөрөнгө 20 сая тэрбум гэж үздэг. “Сити”-г худалдан авч, багт хөрөнгө оруулсан хэмжээ нь нийтдээ нэг тэрбумын босго давсан.

“Ньюкасл Юнайтед” – Майк Эшли

Майк Эшли 2007 онд “Ньюкасл”-ыг 139 сая паундаар авчээ. Гэвч хөрөнгө оруулалт муу хийж, баг нь амжилтгүй тоглосноор доод лиг рүү унасан. Энэ үед хөгжөөн дэмжигчид шинэ эзнийг ширээнээс нь буулгах гэж ихэд тэмцсэн. 2009 онд Майк Эшли багийг зарахаар сэтгэл шулуудсан ч гэнэт бодлоо өөрчилж “Ньюкасл”-ыг зарахгүй гэж мэдэгдсэн. Түүнийг 700 сая паундын хөрөнгөтэй гэдэг.

“Сток Сити” – Питер Коутс

Нутгийн бизнесмэн, “Сток”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч Питер Коутс багийн эзний албыг хашдаг. Тэр 1989-1998 онд мөн багийн эзэн байжээ. Дараа нь Исландын нэгэн компанид багаа зарсан ч найман жилийн дараа 1.7 сая паундаар эргүүлэн авсан юм. Питер Коутс 400 саяын хөрөнгөтэй юм байна.

“Сандерленд” – Эллис Шорт (АНУ)

Америкийн бизнесмэн Шорт 2006 онд “Сандерленд”-ийг худалдан авсан группын найман хүний нэг байв. 2009 оны тавдугаар сард бусад гишүүдийнхээ хувьцааг өөрийн болгосноор багийг дангаараа эзэмших болжээ. Шорт их өндөр нэр хүндтэй бизнесмэн бөгөөд хөрөнгө нь хоёр тэрбум паунд.

“Тоттенхэм Хотспур” – Жо Льюис

Хамгийн нууцлагдмал эздийн нэг бол Жо Льюис. Английн бизнесмэн Жо багийн хувьцааны 85 хувийг эзэмшдэг. Мөн тэрээр өөр 175 компанийн эзэн аж. Нийт хөрөнгө нь гурван тэрбум паундаас багагүй.

“Уиган Атлетик” – Дейв Уилан

Мэргэжлийн хөлбөмбөгч асан Дейв Уилан JJB спортын хэрэгслийн компани ажиллуулж 200 сая паунд олжээ. Тэр 1995 онд “Уиган”-ыг доод лигт байхад нь худалдан авсан. Багийн өсөн дэвшихэд их хувь нэмэр оруулсан.

“Фулхэм” – Мохамед Аль-Файед (Египет)

Диана гүнжтэй хамт осолд орж, нас барсан Доди Аль-Файедын аав Мохамед 1997 онд “Фулхэм”-ийг авчээ. Тэр Лондоны төвд оршдог “Харроз” худалдааны төвийн эзэн гэдгээрээ бас зартай. Мохамедийг авахад “Фулхэм” дөрөвдүгээр дивизионд тоглож байж. Гэвч хэдхэн жилийн дотор гайхамшигтай үсрэлт хийж, 2001 онд Премьер лигт дэвшсэн юм. Аль-Файедийн нийт хөрөнгө 680 сая паундаар тоологддог.

“Челси” – Роман Абрамович (ОХУ)

Оросын тэрбумтан Роман Абрамович 2003 онд Лондоны багийг худалдан авсан. Түүнийг ах авахад “Челси” алтан дундаж багийн нэг байсан бол одоо дэлхийн шилдгүүдийн тоонд оржээ. Асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, их хэмжээний өрийг нь дарсан. Абрамовичийн нийт хөрөнгө есөн тэрбум паунд гэж үздэг.

“Эвертон” – Билл Кенрайт

Кенрайт багаасаа “Эвертон”-ыг дэмждэг байж. 1999 онд багийн хувьцаанаас авч эхэлжээ. Одоогоор нийт хувьцааны 27 хувийг ззэмшдэг. Багийн бусад хувьцааг Роберт Эрл 23 хувь, Жон Вудс 21 хувь эзэмшдэг аж. Сүүлийн жилүүдэд багийг худалдан авах томоохон хэмжээний хөрөнгө оруулагчийг хайсаар байгаа.

Р.Гэгээ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ