Зоос банк “Амьсгал хураасан” нь

img

Зоос ХХК-ийг 2005 онд  нээлттэй хувьцаат компани болгож, 2006 онд 1000 төгрөгийн үнэ бүхий хоёр сая хувьцаа арилжаалав. Харин 2008 онд Европын сэргээн босголт хөгжлийн банк Зоос банкны 3.6 сая ширхэг хувьцааг 2500 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулж, 25 хувийг нь эзэмшигч болсон юм. Яг энэ үед ХААН банкны гүйцэтгэх захирал асан Петр Морроу болон тус банкинд урилгаар ТУЗ-д нь ажиллаж байсан Бен Турнбул нарын хооронд үл ойлголцол үүссэн байжээ. Харин Европын сэргээн босголт хөгжлийн банкныханд /ЁСБХ-ийн банк/ Монголын эдийн засгийг мэддэг банкир хэрэгтэй байсан тул Бен Турнбулыг Зоос банкин дахь Европын сэргээн босголт хөгжлийн банкны удирдлагаар сонгож, тус банкинд менежментийн шинэчлэл хийхээр ажиллуулсан байдаг. Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас томилогдсон найман гишүүн бүхий ажлын хэсгийнхэн шинэчлэлийнхээ хүрээнд Зоос банкыг 41 сая ам.долларын алдагдалтай ажиллаж байна хэмээн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, дампууруулах эхлэлийг нь тавьсан гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газраас Зоос банкийг төрийн мэдэлд авах тухай тогтоол гаргаж, гүйцэтгэгчээр нь Сангийн яамыг томилж, тав хоногийн дараа Зоос банкийг татан буулгасан. Төрийн банк байгуулахдаа Зоос банкны активийг хоёр хувааж, сайн зээлийг нь Төрийн банкинд авч, мууг нь эрх хүлээн авагчид шилжүүлсэн. Харин нөгөө талд нь идэвхтэй активыг нь “хамсан” Төрийн банкны захирлаар  Зоос банкыг дампууруулсан Бен Турнбул улиралд тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, Европын сэргээн босголт хөгжлийн банкнаас  тус банкинд оруулсан хөрөнгөө цэвэрхэн босгоод алга болсон гэх. Энэ бүх жүжгийг найруулахын тулд Европын сэргээн босголт хөгжлийн банктай нууц гэрээ байгуулсан байсан нь энэ оны дөрөвдүгээр сард ил болсон хэмээн “Зоос”-ын жижиг хувьцаа эзэмшигчид хардаж байгаа аж. Учир нь тухайн үед Европын сэргээн босголтын банктай байгуулсан гэрээний хугацаа дууссан учир Төрийн банкны захирлаар монгол хүнийг томилж байгаагаа Сангийн сайд Ч.Ганхуяг олон нийтэд дэлгэж байсан. Товчхондоо тэд Зоосыг дампууруулах нь Европын сэргээн босголт хөгжлийн банкаар халхалсан сайтар найруулсан жүжиг байсан гэж үзэж байгаа аж. Учир нь Европын сэргээн босголт хөгжлийн банк  найман сая ам.долларыг Зоос банкинд хөрөнгө оруулсныхаа төлөө удирдлагыг нь гартаа авч, блансыг нь хасах гаргаж, Төрийн банк байгуулан мөн л удирдлагаар нь 1.6 жил ажиллаад Европын сэргээн босголт хөгжлийн банкны хувийг аваад гарсан гэх. Тухайн үед Зоос банкны удирдлагад байсан Д.Батбаяр, Ш.Чуданжий, Н.Сэлэнгэ, Н.Алтанцаг нарт холбогдох хэргийг тусгаарлаж өнгөрсөн зургаадугаар сард Сэлэнгэ, Н.Алтанцэцэг нарт холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас шүүхэд шилжүүлсэн я нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Харин Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд Зоос банкны захирал асан Ш.Чуданжийд холбогдох хэргийг хэлэлцэж гэм буруутайд тооцон зургаан жилийн хорих ял оноосон юм. Түүнийг  банкны хадгаламж эзэмшигчдийн 1.6 тэрбум төгрөгийг үрэгдүүлсэн гэсэн дүгнэлт гаргаж 1.6 тэрбум төгрөгийг төлүүлэх  шийдвэр гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад Ш.Чуданжий уг мөнгийг хүмүүст зээлдүүлсэн гэж тайлбарласан аж. Гэвч түүний хэнд хэчнээн төгрөг зээлдүүлсэн нь батлагдаагүй тул “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд үрэгдүүлсний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учирсан” гэсэн үндэслэлээр яллажээ. Анхан шатны шүүхээс Ш.Чуданжийд холбогдох хэргийг хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэж, түүнийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноож улмаар 2009 онд баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хорих ялыг хэлтрүүлжээ. Түүнчлэн давж заалдах шатны шүүхээс  улсад төлүүлэх тэрбум төгрөгийг захиргааны журмаар шийдвэрлүүлэхээр болсон юм.  Гэтэл уг банкны жижиг хувьцаа эзэмшигчид гэх 625 иргэн хохирогч болон үлдээд байгаа юм. Н.Бүжин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ