Иргэнээ хамгаалдаг хуультай гэдэгт итгэх өдрийг монголчууд хүлээж байна

img

Shuud.mn  сайт энэ оны зургадугаар сарын 7-нд Налайх дүүрэгт гарсан Хятадын “Топ” тоосгоны үйлдвэр болон монгол ажилчдын хооронд маргаан үүссэнээс насанд хүрээгүй хүү хөлөө хугалуулсан мэдээллийг Монголын хууль харийн мөнгөнд үйлчлэх үү? нийтлэлд өгүүлж байсан. Уг хэрэг явдал хуулийн байгууллагад шилжсэн ч өнөөг хүртэл шийдэгдээгүй байна. Хохирогч хүүгийн ээж Кульнарын хүсэлтийн дагуу манай сайтын сурвалжлах баг Налайх дүүрэгт ажиллаж бодит байдалтай танилцлаа. Хохирогч А.Казырбэк  зургадугаар сарын 19-нийг хүртэл Улсын төв клиник, ГССҮТөвд хэвтэн эмчлүүлж байгаад Налайх дүүргийн эмнэлэгт шилжиж  зургадугаар сарын 25-нд эмнэлгээс гарч хэвтрийн дэглэм сахиж байна. Биднийг очиход А.Казырбэк 10 настай эмэгтэй, зургаан настай эрэгтэй дүүгийнхээ хамт байлаа. Тулгуур эрхтний хүнд гэмтэлтэй хүүд, асрагч зайлшгүй хэрэгтэй харагдаж байсан. Хүү хагалгаанд орж хөлөндөө урт төмөр суулгасан. Энэ төмрийг жилийн дараа авна гэсэн. Гэхдээ дүү нь үргэлж ингэж хэвтэхгүй. Ирэх есдүгээр сараас мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд эксковаторчны ангид сурна” хэмээн хуучилж амжлаа. Өвчиндөө шаналахгүйгээр ирээдүйдээ итгэлтэй ярьж байгаа нь бахархалтай. Ээж Кульнар нь хуучин ажлынхаа ойролцоо бас нэгэн тоосгоны үйлдвэрт тогоочийн ажилд оржээ. Хүүхдээ эм тариа, хоолны мөнгөөр таслахгүйн тулд ажил хийж байгаагаа утсаар холбогдож хэлсэн юм. Хүүгийн эцэг, эх өглөөнөөс орой болтол тасралтгүй ажилладаг. Ийм учраас ойрын садангийн эгч Б.Нарантуяадаа хүүтэйгээ холбогдох хэргийг хариуцуулж өгчээ.   Хохирогч хүүгийн авга эгч Б.Нарантуяа нь сонгуулийн хэсгийн хороон дахь ажлаасаа яаран ирж бидэнтэй уулзсан юм. -Дүүгийн чинь хөлийг хугалсан хятад иргэн батлан даалтад гарсан  гэж үнэн үү? - Суллагдсан гэсэн. Уг нь хуулийн дагуу бол 5-7 жилийн ял авах ёстой. Казырбэк зургадугаар сарын 11-нд хагалгаанд орох үеэр нь “Топ” тоосгоны үйлдвэрийн эзэд, хуулийн зөвлөх н.Цэрэндолгор нар хоёр хувь гэрээ барьчихсан ээжтэй нь уулзсан байгаа юм. Тэр гэрээн дээр 1 сая 300 мянган төгрөг аваад хохиролгүй гэж гарын үсэг зурвал хагалгааны төлбөрийг өгнө гэсэн утга бүхий гэрээ байсан гэнэ. -Тэгээд тэр мөнгийг аваад, гомдолгүй гэсэн гарын үсэг зурчихсан  юмуу? -Хугарсан ясны зураг, эмчийн үзлэгээр хөлийн яс бүтэн хугарсан гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Яаралтай хагалгаанд орохгүй бол нэг  насаараа өрөөсөн хөлтэй амьдарна гэхээс бүгд айсан. Ядуу хүнд хагалгаанд орох 1 сая төгрөг яаж бэлэн байх билээ. Аргагүй эрхэнд хүүгээ аврах гэж ээж нь гарын үсэг зурсан байна лээ. -Хагалгааны төлбөр өгөхийг хохирогчийн зүгээс хүссэн үү? -Үгүй. Их явдал суудал болсон. Налайх дүүргийн байцаагч Н.Баярсайхан хуулийн дагуу шахаж шаардаж байж хагалгааны төлбөрийг арай гэж гаргуулсан байгаа юм. Зүгээр ч нэг өгөхгүй Топ-ын тоосгоны үйлдвэрийн хуулийн зөвлөх н.Цэрэндолгор гэгч эмэгтэй энэ мөнгийг аваад гомдолгүй гэж зурвал өгье. Одоо л энэ мөнгийг авахгүй бол та нарт дахиж юу ч олдохгүй шүү гэж сүрдүүлсэн. Бид мэдээж гомдолтой байгаа, хэрэг нь прокурорт шилжсэн гэсэн. -Прокурорт шилжсэн юм бол хэргийг шалгах шатандаа явж байгаа юм байна. Та суллагдсан гэж ойлгоод байгаа юм уу? -Эгч нь тэр хууль энэ тэр мэдэх биш. Батлан даалт гэдгийг нь муухан ойлгоод байгаа юм. Түр ч гэсэн гаргаад авчихсан юм чинь хятад руугаа оргон зайлчихвал хэргийн хариуцагчгүй болчихно гэж бодоод байна. Эгч нь гомдол ярих гэсэн юм биш гэхдээ мөнгөгүй хүн чинь мөнгөтэй хүний хажууд юу ч биш юм байна. -Топ компани болон хөлийг нь хугалсан хятад ажилчны зүгээс хохирогчтой  уулзсан уу? -Үгүй үгүй. Биеийн байдлыг нь ч асуугаагүй. Өсч торниж яваа залуу хүүхдийн хөл хугалчихаад огт гэм хийгээгүй юм шиг санаж байгаа бололтой. Би тэр н.Цэрэндолгор гэдэг хуульч хүүхнийг гайхаж байна. Адилхан монгол хүн байж монгол хүнээ доромжилж, мөнгөтэй хятад хүний талд зогсож байгаад нь гомдож байна. Уг нь бид чинь нэг эх оронтой, нэг үндэстэн биз дээ. Хэрэв Хятад улсад нэг иргэнийх нь хөлийг монгол хүн хугалчихсан бол бөөнөөрөө нийлж зодож алах байлгүй. Хятадад монгол хүн зодуулсан байхад тоохгүй байж болно оо. Гэхдээ эх орондоо харийнханд зодуулсан иргэнээ хамгаалахгүй өмгөөлөхгүй байж болохгүй биз дээ. -Хагалгааны төлбөрийг эрүүл мэндийн даатгалаас гаргуулж болоогүй юм уу? -Болох эсэхийг нь мэдэхгүй юм. Хэрэв болдог бол хөөцөлдөхөд их хугацаа орох байсан байлгүй. Налайхад ажиллаж байгаа тоосгоны үйлдвэр болгон нэг нэг хуулийн зөвлөхтэй байдаг юм байна. Тоосгоны үйлдвэрт хуульч хийдэг нэг залуу болсон явдлыг дуулчихаад надтай холбогдсон. Тэгээд нэг сая төгрөг өгвөл өмгөөлж өгье гэсэн. Өмгөөлөгчийн хөлсөнд өгөх нэг сая төгрөг бидэнд байхгүй. -Хэрэв гомдолтой, хэргийг шүүхээр шийдүүлэхийг хүсвэл өмгөөлөгч хэрэгтэй болно. Өмгөөлөгчгүй орох гэж үү? - С.Ичинхорлоо гэж нэг өмгөөлөгч байдаг юм билээ. Бидэнд тусална, хэргийг үнэгүй өмгөөлнө гэсэн. Хуулийн нарийн юмыг мэдэхгүй байна. Тэр өгөмгөөлөгчтэй уулзуулъя. -Хүүгийн ээж гомдолгүй гэсэн гэрээнд гарын үсэг зуржээ. Хэрэг ингээд хаагдах уу? -Хаагдахгүй. Энэ хэрэг хоёр улсын хоорондын хэрэг болохоор улсын прокурор шалгаж байна. Улсын прокурор шалгаад нийслэл, нийслэлийн прокурор шалгаад дүүрэгт шийдэх эрхийг нь өгнө. Одоохондоо энэ хэрэг хяналтын шатанд явж байна. -Топ тоосгоны үйлдвэрийн хятад ажилчин зөвхөн хүүгийн хөл хугарсан асуудлаар шалгагдаж байгаа юу? -Сая тодрууллаа. Зөвхөн хүүхдийн хөл хугарсан болон хоёр улсын иргэний хооронд болсон асуудлаар шалгагдаж байгаа юм байна. Уг нь энэ асуудал дээр дөрөөлөөд зөвшөөрөлтэй эсэх, хөдөлмөрийн хуулийн мөрдөж байгаа үгүйг  тодруулах гээд олон асуудал шалгах хэрэгтэй л дээ.  Монгол хүн эх орондоо эрхээ эдэлж амьдрах ёстой. Монгол хүний үнэ цэнийг хууль шүүхийн байгууллага, хувь хүн өөрөө хамгаалах хэрэгтэй байна.  Хэрэгтэн батлан даалтад гарсан нь л асуудал болоод байна. Батлан даалтад гарсан тохиолдолд оргон зайлах боломжтой байгаа юм. Хэрэв хэргийн хариуцагч зугтвал иргэн хохироод л үлднэ. -Топ тоосгоны үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон байж байгаад саяхнаас ажиллаж эхэлжээ. Юунаас болж үйл ажиллагаа нь зогссон юм бэ? -Хөдөлмөрийн хуулинд насанд хүрсэн хүн өдөрт 8 цаг, хүүхэд 6 цаг ажиллана гэж заасан байдаг. Хөдөлмөрийн хууль, хөдөлмөр хамгааллын хууль зэргийг зөрчсөнөөс болж үйл ажиллагаа нь зогссон байх. Ер нь нарийн шалгавал их олон зүйл ангиар буруутгаж болно.   А. Казырбэк хүүгийн хэрэг хэрхэн шийдэгдэх нь бүрхэг байна. Хууль хяналтын байгууллага шалгаж байгаа ч хэний талд шийдвэр гарах нь тодорхойгүй. Мөнгөөр үнэлж болшгүй амь, амьдрал гэж байдаг. Хүний амь, нэг насны эрүүл саруул амьдралыг хэдхэн төгрөгөөр үнэлдэг хүмүүс элэг нэгтэн нь хэрхэн шаналж зовдгийг бодож үзээсэй. Хүн хүндээ чоно биш, хүн болох өдрийг харахыг хүсч байна. Монголын хууль эрх тэгш үйлчилж хүний эрхийг хамгаалдаг гэдэгт итгэх өдрийг монголчууд хүлээж байна. Б.Гоомарал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ