
Аргентин улсын Ерөнхийлөгч Кристина Фернандез өчигдөр өөрийн орны олимпийн тамирчидтай уулзжээ. Энэ үеэрээ "Лондон 2012" олимпийн үеэр Фолкленд арлын асуудлаар ямар ч улс төрийн эсэргүүцлийн жагсаал болохгүй гэдгийг мэдэгджээ.
"Аргентин улс тус арлын бие даасан байдлын асуудлаар жагсаал өрнүүлэхээр төлөвлөж байна" гэж английн хэд хэдэн сонин даваа гаригийнхаа дугаарт бичиж байсан юм.
"Гэхдээ тусгаар тогтнолын асуудлыг тамирчидтай ярих нь зохимжтой биш.Биднийг сөргөөр харуулах гэж, ямар нэг галзуурал гаргахыг Их Британи хүлээж байгаа юм. Гэхдээ сэтгэл тайван,өөртөө итгэлтэйгээр олимпын тэмцээндээ оролцоорой” гэж Ерөнхийлөгч Кристина Фернандез тамирчдад хандан хэлсэн байна.
Дашрамд дурдахад, Өмнөд Атлантын бүлэг арлууд болох Фолклендын төлөө Их Британи болон Аргентин улсууд дайтаж байснаас хойш гучин жил өнгөрчээ. Аргентин улс Фолклендыг тусгаар тогтнолоо олоход туслалцаа үзүүлэх кампанит ажлыг Ерөнхийлөгч Кристина Фернандез явуулсаар ирсэн юм.
Фолкленд арлын Засгийн газар 2013 онд газар нутгийн улс төрийн ирээдүйн байдлын талаар бүх нийтийн санал хураалт явуулахаар төлөвлөөд байгаагаа энэ сарын эхээр зарласан аж. Их Британийн ерөнхий сайд Девид Камерон хэлэхдээ “Арлын оршин суугчдын санал хураалтаар гарсан шийдвэрийг Их Британи улс дагана” гэжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ