Адлагдсан эртэч хүмүүс

img

Монгол тэмүүлэл ТББ-аас эртэч Монгол уулзалтыг зохион байгуулах болсноор багагүй хугацаа өнгөрчээ. Эртэч Монгол уулзалтад нийгмийн оюун санаа болон бүтээн байгуултад оролцдог нэр нөлөө бүхий хүмүүс үг хэлж, залуучуудтай үзэл бодлоо хуваалцдаг. Тус уулзалт өглөөний 07 цагаас эхэлж ойролцоогоор цаг үргэлжилнэ. Өглөө эрт сайхан үг сонсож, сайн сайхан бодол зорилго тээсээр гарч ирэхэд амьдрал эхэлдэг. Олон хүн монголд багш нар болон төрийн үйлчилгээний албан хаагчдыг хамгийн эртэч гэж боддог. Энд өгүүлэх гэж байгаа бүхнээс эртэч тэр хүмүүс бол дээр дурдсан “Эртэч Монгол”-ынхон биш, адлагдсан эртэч бүлгийн хүмүүс.  Адлагдсан эртэч хүмүүсийг юу хийдэг билээ гэж та гайхах хэрэггүй.  Автобусны буудал, шөнийн дэлгүүр, аль нэг орц гудамжны гадаа бөөгнөрөн байгаа хүмүүсийг та өглөө болгон хардаг байх. Тэднийг та архичид гэж нэрлэдэг үү? Адлагдсан эртэч бүлэг ихэвчлэн эрчүүдээс бүрдэнэ. Ийм хүмүүсийг харахгүй, харсан ч хараагүй юм шиг өнгөрдөг үү? Нийгмийн нэгэн дүр зураг болсон эртэч бүлгийн хүмүүст хандах бидний хандлага энэ. Од кино театрын үүдэнд ойролцоогоор 12-уулаа цуглах эртэч бүлгийн идэвхтэй гишүүнтэй ярилцсанаа сонирхуулъя. “Эртэч  хүмүүс”-ийн бүлэгт хамаарах гишүүдийн өнгөрсөн амьдралын түүх их сонин. Тэрхүү эртэч бүлгийнхэн өнөөдөр нэг гишүүнээ гадуурхсан бололтой. -Сайн байна уу?  Цаг эрт байна. Та ганцаараа энд юу хийж байгаа юм бэ? - Тэр, тэр харж байна уу? Тэнд зогсож байгаа манай хамууд манийгаа жийчихсэн. Уг нь бид нар өглөө энд уулзаж шараа тайлдаг юм. Архи “гуялахад“ мөнгө нийлүүлж чадахгүй байж, гурван өдөр үнэгүй архи гударлаа гээд л хаяад явчихлаа. -Ах нь ингэж явахаар хүн биш. Чи намайг дандаа хүнээс балга архи горьдож явсан гэж бодох хэрэггүй ээ. Цагийн сайханд хойно эдийн засагч мэргэжлийг улаан дипломтой төгсөөд оюутны ширээнээс даргын суудал руу гэрлийн хурдаар дэвшсэн. Олон найзтай, сайн ханьтай тэр цаг сайхан байжээ. Залуу сайхан явсан бүх дурсамж энэ архинд уусч байх шиг байна. Одоо надад юу ч байхгүй. Энэ шилтэй юманд буруу байхгүй миний л тэнэгийнх. Балга юм олдвол уугаад л байна. Над шиг хүнийг одоо үхэл л тосч авна. -Тантай хамт байдаг энэ хүмүүс бүгд тань шиг амьдралтай байсан уу? -Үгүй ээ.  Манайхан ихэнх нь шорон оронгоор явсан хүнд гарууд байдаг. Хэсэгхэн хугацаанд ч гэсэн “нөхөрлөсөн” эртэч ахыг нүдээрээ адлаж, тойрч зугтах хүмүүсээс сэтгэлдээ өмөөрлөө. Яаруу сандруу эртэч ахыг үлдээхдээ архичин биш “алдсан хүн” гэсэн шинэ тодорхойлолтыг өөртөө нээсэн юм. Аавын хаалгыг татсан ч гарч ирээд хүн шиг амьдрая гэвч хүн шиг амьдрах боломжийг өгөхгүй байгаа нийгмийн тогтолцоонд буруу байна. Ажилтай, орлоготой байх эсэх нь цагдаагийн газрын тодорхойлолтоос хамаарна.  Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж ямар ч ажил байсан гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэсэн тодорхойлолт шаарддаг. Алдаж аавын хаалгыг татсан ч, гутарч сархдад толгойгоо мэдүүлсэн  ч тэд хүн. Хүн болохоороо өөрт нь яаж хандаж байгааг мэдэрч өөртөө гутраад “эртэч” бүлгэмд буцалтгүй нэгдэж байна. Зорилготой байя гэхээр нийгэм нь хүлээж авахгүй, бусадтай адилхан амьдрах гэхээр ойрын хүрээлэл нь хүлээж авахгүй. Хүний амьдралд наалдаж өгөөгүй хууль дүрэм, хөндий хандлагаасаа болж өрх гэрийн эзэн, төр улсын түшмэл болох эрчүүдээ “адлагдсан эртэч бүлгэмд” нэгтгэсээр байх уу? Эсвэл алдсаныг нь адлахгүйгээр итгэл өгч хүндлэгдсэн эртэч монгол хүмүүсийн нэг болгох уу. Хүндлэгдсэн эртэч монгол хүн та бас адлагдсан эртэч бүлгэмийн гишүүд  ч эх орны баялаг. Б.Гоомарал  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ