Ливи улсыг Ерөнхий Ассамблейн гишүүнээр элсүүлжээ

img

БОАЖЯ-ны Аялал жуулчлалын газрын дарга Ц.Оргодол, БОАЖ-ын сайдын ахлах зөвлөх Ц.Дамдин нар Бүгд Найрамдах Солонгос улсын Гёонжу хотноо болсон Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын Ерөнхий Ассамблейн 19 дүгээр чуулганд оролцлоо. Ерөнхий Ассамблейн үеэр Гүйцэтгэх зөвлөлийн тэргүүнээр Кени улсыг сонгож, Ливи улсыг шинээр бүрэн эрхт гишүүнээр хүлээж авсан байна. Мөн 2012 оны Дэлхийн аялал жуулчлалын өдрийг “Аялал жуулчлал ба тогтвортой эрчим хүч - тогтвортой хөгжлийг дээшлүүлэх” сэдвээр Испани улс, 2013 оныг “Аялал жуулчлал ба ус - ирээдүйгээ хамгаалах” сэдвээр Малдиви улс тус тус зохион байгуулахаар тогтжээ. Ерөнхий Ассамблейн 19 дүгээр чуулганд ДАЖБ-ын гишүүн орнуудаас 1000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн. ДАЖБ одоогийн байдлаар 155 гишүүн оронтой билээ. Монгол Улс 1993 онд тус байгууллагын гишүүнээр элсэж, 2011 оноос бүрэн эрхт гишүүн болсон билээ. Бүрэн эрхт гишүүний хувьд олон улсын болон бүс нутгийн хэмжээнд Монгол Улсын эзлэх байр суурь дээшилж, гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, аялал жуулчлалын гадаад харилцааг эрчимтэй хөгжүүлэх боломжоор хангагдаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд аялал жуулчлал дэлхий даяар тогтвортой хөгжиж, эдийн засгийн чухал салбаруудын нэг болсон. ДАЖБ-аас гаргасан мэдээгээр 2030 он гэхэд олон улсад жуулчлах хүний тоо 1.8 тэрбумд хүрэх тооцоо бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ