Сонгогчид дүн тавих өдөр

img

Монголчууд 1992 оноос эхлэн УИХ-ын таван удаагийн сонгуульд оролцсон. Сонгууль болгон өөр өөрийн өнгө аяс, онцлогтой байсан юм. Нэг намын буулганд 70 гаруй жил болохдоо нам ба нам бусчуудын эвслээс нэр дэвшсэн ганцхан тэр гуайн төлөө саналаа 100 хувь өгдөг байсан тоталитар дэглэмийн үеийн сонгуулийг халж, шинэ Үндсэн хуулийн өнгөнд анх удаа ардчилсан сонгуульд оролцсон нь 1992 он. Тэгэхэд парламентын 76 суудлын дөнгөж дөрвийг сөрөг хүчнийхэн авч, МАХН бусдыг нь дүүргэж байлаа. Тэр үед сонгуулийн сурталчилгаа, шоу энээ тэрээ гэж элдвийн сүр бадруулсан юм болж байсангүй. Нялх ардчилал хөлд орох гэж нэр цэвэр, цус шингэн нэр дэвшигчид бор зүрхээрээ өрсөлдөж байлаа. Монголын улс төрд анх удаа олон намууд орж ирсэн нь борооны дараах солонгын долоон өнгийг санагдуулна. Сонгуулийн үр дүнд засгийн эрхийг дангаараа барьсан МАХН улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд дорвитой өөрчлөлт хийсэнгүй. Ерөнхий сайд П.Жасрайн “Хонгилын үзүүрт гэрэл асч байна” гэсэн үг л итгэл найдварын оч болж байсан юм. Бүхэл бүтэн дөрвөн жил тогтворжилтын бодлого барьсан МАХН-ын царайг харж, цөхрөнгөө барсан ард түмний санал 1996 оны УИХ-ын сонгуульд 180 хэм эргэв. МҮАН, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл үнэмлэхүй ялалт байгуулж, Хөвсгөлд шинэ Үндсэн хуулийн загалмайлсан эцэг Б.Чимид гуайг хүртэл үл таних С.Бохьшарга гэдэг залуу өвдөг шороодуулж байсан юм. Энэ нь эвслийн нэр дээр бор халзан хурга байсан ч гараад ирэх байсан хэмээх олны хошигнол тухайн цагийн байдлыг яруу тод илтгэсэн хэрэг. Гэхдээ энэ парламентын танхим их сонирхолтой, эрх чөлөөтэй байсан. С.Зориг агсан, О.Дашбалбар агсан, М.Зэнээ агсан, Баабар, Х.Хулан, Д.Дэлгэрмаа гээд ясны улстөрч, улс орны эрх ашгийг урьтал болгодог хүмүүс байсан нь одоо ч ул мөрөө тод үлдээжээ. Ийм том ялалт байгуулна гэж хэний ч толгойд орсонгүй. Ялагдсан, ялсан хоёулаа шооконд оров. Энэ сонгуульд “АХ” эвслийн менежментийг Конрад Аданэурын сан хийсэн нь үр дүнгээ өгсөн гэдэг. Хамгийн гол нь тэд сонгогчидтой гэрээ байгуулсан юм. Энэ бол нийгэмд яах аргагүй шинэ содон зүйл байлаа. Харамсалтай нь мөнөөх гэрээгээ биелүүлэх нь байтугай М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралтын Засгийн газраар туг тахиж орхисон нь ирэх сонгуулийн зам мөрийг нь заагаад орхисон. Энэ хооронд Ху нам ирээдүйн ялалтдаа чимээгүйхэн бэлтгэж байлаа. Их санасан газар дөрвөн жил хоосон хоносон ард түмэн 2000 оны сонгуульд ардчиллынхныг төвөггүй шилгээж орхив. Сонгогчид өшөөгөө аван МАХН-д цадтал нь саналаа өгч, сөрөг хүчин дөрөвхөн суудалтай хоцорлоо. Гэхдээ энэ парламентад намын нэрээр есөн шидийн луйварчид орж ирэх эхлэлийг тавьсан юм. Өнгө мөнгөний үнэр илт ханхалж байлаа. Ху намынхан эх толгойгүй болоод байсан нийгэм, улс төрийн амьдралыг эмх цэгцэнд нь оруулахыг хичээж, өмнөх Засгийн газрын үнэ чөлөөлсөн, мал, орон сууцыг хувьчилсан таатай хөрсөн дээр амжилттай тоглолт хийсэн. Ялангуяа Мянганы замын бүтээн байгуулалтын үр шимийг анги нам үл хамааран ард түмэн бүгдээрээ хүртэж байна. 2004 оны сонгуульд ялсан нам бялууртал рекламдаж, ялагдсан хүчин шинэ содон зүйл эрэлхийлж байлаа. АН-ын “хүүхдийн 10 мянга” хүмүүсийн сэтгэлд хүрэв. Тэгэхээр нь МАХН шинэ залуу гэр бүлд 500 мянгыг зөрүүлж амлалаа. Эндээс л намуудын сонгуулийн амлалт үнэ хаялцуулах наймаа шиг үргэлжилсэн нь нууц биш. Өмнөх найман жилд АН, МАХН хоёрын тарыг таньсан ард түмэн 2004 оны зургадугаар сарын 29-нд жингийн туухайн дээр тэнцүүлж орхисон. Аль нь ч толгой илүү өндөр гарч чадаагүй учраас Засгийн газар, УИХ-аа ээлжилж удирдах тохиролцоонд хүрч, эвслийн, эв нэгдлийн гэх мэт тодотголтой Засгийн газар солигдсоор нэг л мэдэхэд дөрвөн жил өнгөрөв. Парламентын тогоонд ч хоол биш, хор найруулдаг жор давамгайлдаг болсон гэхэд хилсдэхгүй. Өрөөлд зориулж найруулсан хороо өөрөө уугаад эндэх эрсдэл энүүхэнд болов. Нам бус фракц, фракц бус эрх мэдэл, эд мөнгө юунаас ч чухал болж, түрийвчээрээ амь нэгтэй олигархи бүлэглэл улс орны тархийг барьж эхэллээ. Албан тушаал эхийн сүүнээс амттай болов. Ингээд 2008 оны сонгуульд АН ард иргэдэд эрдэнийн хувь нэг сая төгрөгийг толгой дараалан олгохоор эхлэн амлаж, МАХН түүнээс давахаар эх орны хишиг 1,5 саяыг өгөхөөр ам гарав. Хоёр намын барьж ойчих юм үндсэндээ энэ хоёр байлаа. Тэгээд сонгуулийн санал хураалт болж, аанай л АН, МАХН хоёрыг бараг тэнцүүлж орхив. Сонгуулийн үр дүнгээр Засгийн газраа дангаар байгуулах боломж МАХН-д харагдаагүй учраас хамтарсан засгийн дээвэр дор багтахыг АН-аас хүсч, зургаан сайдын суудлаар наймаалцав. Хамтарсан Засгийн газар хувь хишгээ нэгтгэж базаад эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй 1,5 саяыг тараахаар болсон ч одоо хэр авлага өглөгөө жигдрүүлж амжсангүй. Алдыг нь аваад дэлмэн дээр нь АН засгаас гарч, нуухаа авах гээд нүдээ сохолсон МАН ( хуучин МАХН) хар буйран дээрээ хоцорсон. Энэ дөрвөн жилийн эхийг зурвал  ижилдэж ургасан вансэмбэрүү цэцэг шиг гоёмсог байснаа эцэст нь эмээлийн хоёр бүүрэг шиг бие биеэ харахгүй болсонтой адил буюу. Ард түмний ой санамжид Оюутолгой, Тавантолгойгоос эхлээд олон юм тов тод байгаа. Маргааш улс төрийн 11 нам, хоёр эвслээс нэр дэвшигчид болон бие даагч 544 эрхэм гарааны зурхайгаас эргэнэ. Сонгогчид намуудад дүн тавих өдөр. Тэд барианд яаж орохыг автомат машинаар анх удаа тоолно. Хоржийлоо. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ