Олимпийн өдрөөр хөлбөмбөг тоглов

img

Зургадугаар сарын 23-нд тохиосон Олон улсын олимпийн өдрийг оросууд хөлбөмбөг тоглон тэмдэглэжээ. ОХУ-ын Засгийн газрын дэд тэргүүн, Оросын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Александр Жуков ёслолын арга хэмжээг нээж, спортын алдартнууд нь өвөл, зуны төрлөөрөө хоёр талцан ногоон талбайд гарсан байна.
Зуны олимпийнхны багт Александр Жуков, Оросын ҮОХ-ны хорооны гүйцэтгэх захирал Николай Толстых, ОХУ-ын спортын дэд сайд, туялзуур сэлэмний олимпийн аварга Павел Колобков, чөлөөт бөхийн олимпийн гурван удаагийн аварга Бусайсар Сайтиев,сонгомол бөхийн олимпийн аварга Асланбек Хуштов, туялзуур сэлэмний олимпийн аварга Ильгар Мамедов, Дмитрий Шевченко, олимпийн аварга боксчин Вячеслав Яновский, “Их дуулга”-ын эзэн теннисчин Марат Сафин, дэлхийн рекордыг арван удаа тогтоосон усанд сэлэгч Дмитрий Волков нар багтжээ.
“Өвлийн”-хний бүрэлдэхүүнд олимпийн хошой аварга хоккейчин Вячеслав Фетисов, олимпийн аварга тэшүүрчин Николай Гуляев, олимпийн аварга биатлонч Юрий Кашкаров, олимпийн медальт уран гулгагч Илья Авербух, Александр Жулин, 2012 оны дэлхийн аварга хоккейчин Сергей Широков нар тоглосон байна.
Давуу бүрэлдэхүүнтэй “Зуныхан” энэхүү нөхөрсөг тоглолтод 5:2-оор ялалт байгуулахад Асланбек Хуштов гурван гоол хийж багийнхаа гол баатраар тодорлоо.
Ц.Ганбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ