
УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль маргааш орон даяар явагдана. Энэ үеэр хэв журам сахиулахаар хуулийн дагуу цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн ажиллах юм. Ээлжит сонгуулиар цагдаагийн албан хэрхэн ажиллах талаар ЦЕГ-ын дарга, хошууч генерал Д.Сандаг-Очироос тодрууллаа.
-Санал авах байрын хэзээнээс хамгаалтад авах вэ?
-Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу УИХ, орон нутгийн сонгуулийн үйл ажиллагаанд нийгмийн хэв журмыг сахиулах чиглэлээр албан үүргээ гүйцэтгэнэ. Сонгуулийн байрны аюулгүй байдлыг хангах үүднээс хамгаалтад авсан.
-Хэв журам, аюулгүй байдлыг хангах ажиллагаа хэзээнээс эхэлсэн бэ?
-Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүн хэв журам сахиулахаар энэ сарын 20-ноос хамгаалалтад гарсан.
-Сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал үүсэх вий гэж иргэд болгоомжилж байна. Энэ салбарыг удирдаж байгаа хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?
-УИХ-ын 2008 оны сонгуулийн үеэр үймээн шуугиан дэгдэж олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсч байсан. Энэ удаагийн ээлжит сонгуулийн үеэр үймээн дахин дэгдэх учиргүй. Тэрхүү эмх замбараагүй байдлын улмаас үүссэн хэрэг явдлыг дөрвөн жил ярьсан ч буруу зөвөө одоо хүртэл ялгаж, тайлж чадаагүй л байна.
Тиймээс УИХ-ын болон орон нутгийн сонгуульд оролцож байгаа нам эвсэл, түүнийг зохион байгуулж байгаа штаб, удирдлага нийт иргэд улс төрийн сонгуулиа хүндэтгэж ёс зүйтэй оролцох байх. Сонгогчид ч хариуцлагатай байх хэрэгтэй.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ