
УИХ-ындарга Д.Дэмбэрэл дөнгөж сая 09.00 цагаас УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн саналаа Баянзүрх дүүргийн122 дугаар цэцэрлэг дээр өглөө. МУ-ын Их хурлын 2012 оны сонгуулийн 22-р тойргийн 41 –р хэсэгт УИХ-ын дарга Д.Дэмбэрэл яг товлосон цагтаа иргэнийнхээ үүргийг биелүүлж ийн саналаа өглөө. Тэрбээр ард иргэддээ хандан хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголын ард түмэн дөрвөн жил тутам байгуулдаг төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагаа сонгох өдрийг угтаж байна. Өнөөдрийг иргэд төрдөө зориулах өдөр. Ажлын өдрийг зориулж сонгогчдодоо эрхээ эдлэх боломж олгож байгаа юм. Ийм учраас нийт сонгогчдодоо энэ өдрийн мэндийг хүргье. Төрийг сонгож байгуулна гэдэг амар зүйл биш.

Ард иргэдийн өөрсдийнх нь улс төрийн том үйл ажиллагаа. Сонгуулийн сурталчилгаа зөв явагдаж өнгөрлөө. Өнөөдөр ард түмэн өөрсдийн сонголтоо хийнэ. Анхаарах зүйл бол энэ төрийг сонгох төрийн үйл хэрэгт оролцох алтан боломжийг сайтар ашиглах хэрэгтэй. Төрийн үйл хэрэгт оролцохдоо нийт иргэд хуульзүйн хүрээнд оролцох хэрэгтэй байна. Түрүү түрүүчийн сонгуулийн хувьд ард түмэн жижиг дутагдлууд гарч байсан. Төрийн ажилд оролцоно гэдэг өөрөө өөрийгөө зөв авч явах хариуцлагатай, элдэв хэл ам, луйвар заль мэхгүй энэ ажлыг хийх нь хүн бүрийн цаашдын үйл хэрэгт маш чухал. Тиймээс иргэд сонгуульдаа хянамгай хариуцлагатай оролцоно гэдэгт найдаж байна. Түүнээс гадна хүн бүр өнөөдрийн энэ боломжийг сайтар ашиглахын тулд ажлаа сайн зохицуулах хэрэгтэй. Сонгуулийн хуульд хуулийн хүрээнд ажиллахыг маш тодорхой заасан байгаа. Хугацааны хувьд орой 08.00 цагаас өмнө саналаа өгөөрэй. Яг найман цагт очвол сонгуулийн хугацаа дуусах учраас болж өгвөл 7 цагт саналаа өгөхийг хүсье. Сонгууль шударга сайн явагдана гэдэгт итгэж байна. Эцэст нь төрөө сонгох ажилд манай ард түмэн хариуцалагатай ажиллана гэтэгт итгэж байна. Сонгуулийн ажилд амжилт хүсье” гэлээ.

Н.Түвшин
Н.Мөнхэрдэнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ