Сонгогчид саналын хуудсаа бөглөж мэдэхгүй байна

img

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн УИХ-ын 23 дугаар тойргийн 24 дүгээр хэсгийн хороо, НИТХ-ын 14 тойргийн 14 дүгээр хэсгийн хороон дээр сонгуулийн санал хураалтын явц ямар байгааг сурвалжиллаа. Тус хэсгийн хороо МУИС-ын Эдийн засгийн дээд сургуулийн байранд байгаа юм. Сонгогчид саналын хуудсаа хэрхэн бөглөхөө төдийлөн мэдэхгүй байгаа учраас ханан дахь заавартай танилцаж байлаа. Тус хэсгийн хороо ачаалал харьцангуй тайван, санал өгөхөөр ирж байгаа иргэд цөөхөн байв. Сонгуулийн явцын талаар хэсгийн хорооны ахлагч Н.Цэндсүрэнгээс тодрууллаа. -Танай тойрогт санал хураалт хэрхэн явагдаж байна вэ? -Манай хэсгийн үйл ажиллагаа цагтаа эхэлж, сонгогчид саналаа идэвхтэй өгч байна. Сонгогчдын төлөөлөл, ажиглагчид болон хэвлэл мэдээллийн ажилтнууд хөндлөнгийн хяналт тавьж байгаа. -Хэдэн ажиглагч байгаа вэ? -Таван намын 15 ажиглагч ажиллаж байгаа. -Санал тоолох хэдэн машин ажиллаж байна? -Манайд иргэний бүртгэлийн гурван машин, найман саналын хайрцаг ажиллаж байна. Нэг саналын бүхээгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан тохижуулсан. Томруулдаг шил, санал өгөх байрны гадна тэргэнцэртэй хүмүүст зориулсан шат хийсэн. -Танай хэсэг хэдэн сонгогчтой вэ? -Нийт 2594 сонгогч байгаа. Одоогийн байдлаар 300 орчим хүн саналаа өгсөн. Энэ жил автоматжуулсан тоног төхөөрөмж анх удаа ашиглаж байгаа тул сонгогчид хэрэглэхдээ бага зэрэг удаашралтай байна. -Зарим машинд саналын хуудсаа хийхэд буцааж гаргаад байсан. Ийм тохиолдол танайд гарч байна уу? -Ганц нэг тийм тохиолдол гарсан. Тэмдэглэгээгээ буруу хийснээс  ч юм уу, сонгуулийн саналын хуудасны бар  код гэмтсэнээс болж санал нь буцаж гарах тохиолдол гарч байна. Ажиглагч: -Өглөө 07.00 цагт санал авч эхэлсэн. Сонгуулийн ажиллагаа нээлттэй явагдсан. 07.00 гэхэд 10 гаруй хүн ирсэн байсан. Ахмадууд маань сонгуульдаа идэвхтэй оролцож байна. Одоогийн байдлаар 230 гаруй хүн санал өглөө. Анх удаа автомат системээр саналаа өгч байгаа тул удаашралтай байна. Үдээс хойш ачаалал нэмэгдэх хандлагатай нь ажиглагдлаа. Манай хэсэгт ардын жүжигчин Г. Хайдав гуай хамгийн түрүүнд ирж саналаа өгсөн. -Сонгогч Б.Батнасан: -Та саналын хуудсаа бөглөх талаар ямар ойлголттой байна вэ? -Энэ тал дээр мэдээлэл жаахан хомс байна. Ялангуяа НИТХ-ын сонгуульд нам, нэр дэвшигчийг тусад нь бөглөх юм байна гэдгийг энд ирээд мэдлээ. Сонгуулийн сурталчилгааны хугацаанд янз бүрийн нэр дэвшигчийн танилцуулга л их тарааж байснаас биш саналын хуудастай хэрхэн ажиллах тал дээр мэдээлэл бараг өгсөнгүй өнөөдрийг хүрлээ. Манай сурвалжлах хэсгийн дараагийн очсон газар нийслэлийн ЕБ-ын II дунд сургууль. Энд УИХ-ын сонгуулийн 23 тойргийн 11 дүгээр хэсгийн хороо, НИТХ-ын 14 тойргийн сонгогчид саналаа өгч байгаа юм. 10.30 цагийн байдлаар 400 орчим хүн саналаа өгчээ. Санал өгөх байрны гадна хяналтын дэлгэц байрлуулсан байсан бөгөөд саналаа өгөхөөр 50 орчим иргэн дугаарлаж байсан. Энэ хэсэгт мөн л  сонгогчид саналын хуудас хэрхэн бөглөх талаарх зааврыг анхааралтай судалж, хэсгийн хороонд ажиллаж байгаа хүмүүсээс лавлаж байгааг харахад санал өгөхдөө хариуцлагатай хандаж байгаа нь ажиглагдаж байсан юм.  Түүнчлэн нэг сонгогч нам, болон нэр дэвшигчийн өмнөх дугуйг заавал дүүргэж будахгүй, цэгээр тэмдэглэж болох эсэхийг лавлаж байсан. Тэрээр өндөр настай хүмүүсийн гар салгалаад дугуй дүрснээс нь хэтрүүлээд будчихвал машин нь саналын хуудсыг уншихгүй байх болов уу нэж байсан. Харин нам, нэр дэвшигчийн өмнөх дугуйг заавал дүүргэж будахыг ажиглагчид зөвлөж байлаа. Хэсгийн ахлагч Б.Нарантуяа: Танай хэсгийн хороонд хэчнээ сонгогч байгаа вэ. Одоогоор хэчнээн хүн саналаа өгөв? -УИХ-ын 23 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороонд санал өгөхөөр 32080 сонгогч бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 380 орчим хүн саналаа өгөөд байна. Цагтаа эхэлж, техникийн саатал гараагүй. өгжлийн бэрхшээлтэй хичнээн иргэн байгаа вэ? -Манайд хоёр хүн бүртгүүлсэн. Одоогоор ирээгүй байна. Зориулалтын шат, томруулагч шилийг бүхээгт байрлуулсан байгаа. -Санал өгсөн хүмүүсээс олны танил ямар хүн байв? - Монгол Улсын ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Д. Лувсаншарав гуай ирсэн. У.Жигүүр Д.Цэцэг  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ