Африк тивийнхэнд зориулсан хямд автомашин угсарчээ

img

Компьютерийн инженер Жөүл Жексон анх жижиг фермерүүдийн бүтээмжийг нэмэгдүүлэх ашгийн бус байгууллагын шугамаар Африкт ирсэн боловч үүнээс илүү чухал асуудал байгааг олж харжээ. Африкийн хүн амын өсөлт өндөртэй дундаж давхаргын хүмүүс хямд үнэтэй машин авах хүсэлтэй байдаг. Тэд  цоо шинэ машиныг ойролцоогоор 60 мянган ам.доллараар авч болох ч ихэнх хүмүүс хэрэглэж байсан машиныг дунджаар 8000 ам.доллараар авдаг байна. Харин Жексоны хүсэл бол Африкт зориулан 6000 ам.долларт багтах автомашиныг зохион бүтээж  худалдаалах явдал юм. Тэр гагнуурчин, механикчийг хөлслөн ажиллуулж, барууныхны хүсдэг ая тухтай нэмэлт төхөөрөмжүүдийг хассан авсаархан машин угсарчээ. “Мобиус-1” нэртэй энэ машин нь элсэн дээр явагч тэргэнцэртэй төстэй харагддаг. Арван сарын хугацаанд бүтээсэн машины  өртөг 14 мянган ам. доллар болсон байна. Тэр одоо өдрийн ажлаасаа гарч, “Мобиус Моторс” компаниа байгуулжээ. Ингээд 250 мянган ам.долларын хөрөнгө босгож, инженерүүдийн баг бүрдүүлэн хоёр дахь загвар “Мобиус-2”-ыг гаргажээ. Ач холбогдолгүй нэмэлтүүдийг дахин хасч, гол нь Африкийн маш муу замд эдэлгээ даах бөх бат чанарт илүү анхаарсан байна. Өмнөх загвартайгаа харьцуулахад дизайн болон техникийн хувьд илүү нарийн болсон “Мобиус-2” өнгөрсөн оны есдүгээр сард бэлэн болж, 15 мянган ам.долларын зардал шаарджээ. Жексон “Бид машинаараа Кенийг тойроход маш сайн явж байсан. Хүмүүс олноор ирж хаанаас авч болохыг асуудаг” хэмээн ярьсан байна. Одоо түүний зорилго жилд үйлдвэрлэх машины тоогоо нэмэгдүүлж, Африкийн тээврийн хэрэгслийн ертөнцийг өөрчлөлт хийхэд оршиж байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ