
Сүүлийн өдрүүдэд нийслэлд усархаг бороо үргэлжлэн орж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Б.Баатарзориг өчигдөр шинээр барьсан болон одоо барьж байгаа үерийн ус зайлуулах далан сувгийн ажлын явцтай танилцлаа. 2010 онд нийслэлийн төсвөөс хөрөнгөөр нийт 16 байршилд шинээр барих болон шинэчлэх шаардлагатай үерийн хамгаалалтын барилга байгууламж, хөрс болон борооны ус зайлуулах шугамыг шинээр барих, шинэчлэн засварлах ажлын зураг төсвийг мэргэжлийн байгууллагуудаар хийж гүйцэтгүүлжээ. Эдгээр зураг төслүүдээс нэн түрүүнд барих шаардлагатай үерийн хамгаалалтын гурван барилга байгууламж, хөрсний усны түвшин доошлуулах нэг шугам сүлжээ, борооны ус зайлуулах зургаан шугамын барилга угсралтын ажилд шаардагдах хөрөнгийг өнгөрсөн оны төсөвт тусгуулсан бөгөөд барилга угсралтын ажлын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 90 хувьтай байгаа аж
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны үерийн хамгаалалтын сувгийг цэвэрлэх ажлыг гүйцэтгэжээ. Мөн Сэлбэ голын баруун эргийн үерийн хамгаалалтын далан, Сонгинохайрхан дүүргийн 1, 21 дүгээр хороолол, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороолол доторх авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээг сэргээн засварлах ажлууд дууссан байна. Харин зүүн уулын үерийн хамгаалалтын ажил он дамжин хийгдэж байгаа ба эдгээр барилга байгууламж, шугам сүлжээ баригдсанаар үерийн хамгаалалтын суваг 9,7 км, хөрсний болон борооны ус зайлуулах шугам 9,6 км-ээр нэмэгдэх аж.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ