Г.Галсанпунцаг: Чингэлтэйд сонгогчдын ирц 39,7 хувьтай байна

img

УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль  өнөөдөр орон даяар 07.00 цагаас эхэлсэн. Манай сурвалжлах хэсэг  сонгуулийн тойргуудад сонгогчдын ирц болон зөрчил дутагдлын талаар цаг тухайд нь мэдээлэл хүргэж байгаа юм. Яг одоо 16.40 цагийн байдлаар Чингэлтэй дүүргийн  УИХ, Нийслэлийн ИТХ-ын сонгуулийн  24 дүгээр тойргийн хорооны сонгуулийн мэдээллийг тус тойргийн дарга Г.Галсанбунцагаас авлаа. -УИХ-ын 24-р тойргийн сонгуулийн сүүлийн үеийн мэдээллийг өгөөч? -УИХ-ын 24-р тойрогт  нийт 105221 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 4167 нь   одоогоор саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 39.7 хувь нь юм. Орой 20.00 цаг хүртэл сонгогчдоос ирц хангалттай бүрдэх байх гэж бодож байна. Сонгогчид сонгуульдаа идэвхтэй оролцож байгаа. -Сонгуультай холбоотой зөрчил илэрсэн үү? -Одоогийн байдлаар ноцтой зөрчил гараагүй. Нэг иргэн орж ирээд тараах материал харж саналын хуудас бөглөхийг завдсаныг ажиглагчид илрүүлсэн. Та бүхэн мэдэх байх сонгуулийн өмнө шинэ автоматжуулсан аргаар сонгууль явагдах болсонтой холбоотой санал хэрхэн өгөх талаар загвар хуудсууд тараагдаж байсан. Тэрхүү загвар хуудсыг  харж саналын хуудсаа бөглөхийг завдсан тохиолдол гарлаа. Өөр зөрчил алга. -Хэдэн наснынхан түлхүү саналаа өгч байна вэ? -Насны ангилалаар харвал өмнөх сонгуулиас арай өөр дүр зураг харагдаж байна. Өмнө нь настай хүмүүс түрүүлж саналаа өгдөг байсан бол энэ удаагийн сонгуульд 35-45 насныхан  идэвхтэй оролцож байгаа. Манай тойрогт нийт 44 хэсгийн хороонд  418  ажилтан,  120 гаруй  итгэмжлэгдсэн төлөөлөгч бий. Хэсгийн хороо бүрт даамал цагдаагийн ажилтан, ажиглагчид  ажиллаж байгаа. Мөн "Цахилгаан шугам сүлжээ"-ний  ажилтнууд хэсгийн хороонд цахилгаан  эрчим хүчний гэмтэл саатал гарахаас урьдчилан сэргийлж ажиллаж байна. -Аль хэсгийн хороонд сонгогчид санал хураалт идэвхтэй байна? - Хэсгийн хороодоос  хамгийн өндөр хувийн санал өгсөн  14-р хэсгийнхэн  47,4 хувьтай,  44 дээш хувьтай хэд хэдэн хороо бий. Харин хамгийн бага санал өгсөн хороо  16-р хороо 36,1 хувьтай. Гэхдээ орой 20.00 цаг хүртэл иргэд идэвхтэй оролцох байх. -Хуурамч саналын хуудас ашиглахыг завдсан тохиодол бий юу, танай тойрогт? - Хуурамчаар саналын хуудсыг  үйлдэх боломжгүй.  СЕХ-ноос  цагдаа, тагнуулын хяналт дор саналын хуудсыг хэвлүүлж улмаар тойргуудад хуваарилсан. Нийтдээ  манай тойргийн хэсгийн хороодод  88 автомтжуулсан машин ажиллаж байгаа. Үүнээс нэг машин эвдрэл үүссэн. Өглөө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж машиныг солиулсан. Туршилтын санал авч байхад уг эвдрэл үүссэн машин хэвийн ажиллаж байсан юм. Н.Түвшин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ