
Нийслэлийн Баянгол дүүрэг буюу УИХ-ын 25-р тойрогт сонгогчдын ирц хэдэн хувьтай байгаа талаар тус тойргийн хорооны дарга С.Пэрэнлэйгээс тодрууллаа.
-УИХ-ын 25-р тойрогт сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй хэдэн хүн байна вэ. Сонгогчдын ирц хэдэн хувьтай байна, яг одоо?
-Манай тойрогт нийт 121658 сонгогч бий. Яг одоо 17.20 цагийн байдлаар 65915 буюу нийт сонгогчдын 54.2 хувь нь саналаа өгөөд байна. Өнгөрсөн жилүүдэд сонгогчдын санал өгөх байдал буурч байсан бол энэ жил эрс өссөн үзүүлэлтэй харагдсан.
- Санал өгч буй иргэдийн зүгээс болон хэсгийн хорооноос зөрчил илэрсэн үү?
- Ноцтой зөрчил илэрсэн зүйл одоохондоо алга. Өөрийнхөө хаяг дээр байгаа зарим нэг хүн “ Би хаяг дээр байхгүй байна” гэсэн гомдол гаргасан. Иймэрхүү зөрчил бол Иргэний бүртгэл мэдээллийн газрын шийдвэрлэх асуудал. Манай тойргийн нэг хэсгийн хороонд санал өгөхөөр ирсэн нэг сонгогч дээд өнцгөөс нь хаачилсан иргэний үнэмлэхээр санал өгөхийг оролдсон. Бид Улсын бүртгэлийн газрын холбогдох албаныхнаас энэхүү зөрчлийг тодруулахад "дээрх сонгогчид цахим үнэмлэх олгосон" гэсэн тайлбар өгсөн. Цахим үнэмлэх олгосны дараа тэр хүний иргэний үнэмлэх дээр нь тэмдэглэл хийсэн гэсэн.
-Танай тойрогт нийт хэчнээн хүн ажиллаж байна?
-Нийт 56 хэсгийн хороонд 508 хүн ажиллаж байна. Итгэмжлэгдсэн ажилтнууд 120 гаруй, 65 даамал, цагдаагийн байгууллагаас хэсэг болгонд нэг цагдаа, замын цагдаагаас хэсэг тус бүрт нэг хүн ажиллаж байгаа. Санал тоолох 111 машин бий. Санал авч эхэлснээс хойш 2-3 санал тоолох машинд түр саатал үүссэн. Гэхдээ тэр даруй зассан. Одоо бүх машин хэвийн ажиллаж байна. Манай тойргийн хорооноос сүлжээгээр дамжуулаад хэсгийн хороодод зөвлөгөө заавар өгч ажиллаж байгаа.
- Аль хэсгийн хороонд саналын ирц хамгийн өндөр байна вэ?
- Сонгуулийн 53-р хэсгийн хороо 81, 54 хэсгийн хороо 80 хувьтай байна. Санал өгч буй байдлыг ажиглахад залуучууд сонгуульд идэвхтэй оролцож байна.
Н.Түвшин
СЭТГЭГДЭЛ БИЧИХ