
УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хороонд Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байгаа сонгогчид, УИХ-ын сонгуулийн 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд Албадан саатуулах, баривчлах төв буюу Дэнжийн мянгын 111-д саатуулагдаж байгаа сонгогчид өчигдөр зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгчээ. Энэ үйл ажиллагааг Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээний гишүүн Филантропи хөгжлийн төлөө төвийн ажиглагчид хянасан байна.
25 дугаар тойргийн 50 дугаар хэсгийн хороонд Цагдан хорих төвөөс 228 сонгогчийн нэр ирснийг иргэний бүртгэлийнхэн шалгаад иргэний үнэмлэх болон цахим үнэмлэх бүхий 120 хүнийг санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэсэн аж. Мөн хэвтрийн өвчтэй 14 хүн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлсэн байжээ. Гэвч санал авах өдрийн өмнөх өдрийн байдлаар 11 сонгогч Цагдан хорих төвөөс суллагдсан буюу шилжсэн байсан байна.
Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар Цагдан хорих төвөөс 109, энгийн 14 иргэн нийт123 сонгогч санал өгчээ.
Цагдан хорих 461 дүгээр ангид сэжигтэн, ялладагч, шүүгдэгч болон анхан шатны шүүхээр таслагдаад ял сонссон бөгөөд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад хүлээж байгаа хүмүүс сонгогчдын нэрийн жагсаалтад багтсан байсан аж. Хуульд зааснаар шүүхээр гэм буруутай нь нотлогдон хорих ял эдэлж байгаа иргэд санал өгөх эрхгүй. Үүнийг хэсгийн хорооны хүмүүсээс тодруулахад жагсаалтад нэр нь байгаа, энэ ангиасаа ачигдаагүй тул санал өгч болно гэсэн тайлбар өгчээ. Харин Цагдан хорихын төвийнхний зүгээс шүүхээс хэдийгээр ял авсан ч давж заалдсан учраас шүүхийн санал өгч болно гэсэн тайлбар өгсөн талаар байв.
Цагдан хорих төвд нийт 150 саналын хуудас хуваарилсан. Зөөврийн хайрцгаар нийт 108 хүн санал өгсөн ба нэг хүн шилжсэн байж. Санал хураах явцад нэг саналын хуудас хүчингүй болж, 41 саналын хуудас зарцуулагдаагүй буцсан. 24 дүгээр тойргийн 25 дугаар хэсгийн хороонд нэг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураасан бөгөөд Албадан саатуулах баривчлах төвөөс 85 сонгогчийн нэр ирснийг иргэний бүртгэлийн байгууллага шалгаад 71 сонгогч санал өгөх боломжтой гэж нэрийн жагсаалтад бүртгэсэн байна. Үүнээс 69 сонгогч санал өгсөн ба хоёр нь суллагдсан байжээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ