Филипп Киркоров: Тэнгэрт хальсан ээж минь миний өмнөөс ичиж байгаа
Болгар гаралтай дуучин Филипп Киркоров Марина Яблокова хэмээх бүсгүйд гар хүрч буй бичлэгийг түгээн цацсанаар нэр хүнд нь навс унаад байгаа билээ. Тэгвэл Филипп Киркоров саяхан бүсгүйгээс болон өөрийг нь хүндэлж хайрладаг бүх хүнээс уучлал хүсчээ.
"Ийм үйлдэл хийсэндээ нүүр хийх газаргүй боллоо. Гэхдээ би бүгдээс уучлал гуйж байна. Ялангуяа эцэг, эхийнхээ итгэлийг хөсөрдүүлж, уучилшгүй алдаа хийсэндээ ихэд харамсаж байна. Би тэр бүсгүйг цохьсондоо уучлал гуйж байна. Гэхдээ би түүнийг өшиглөөгүй шүү. Хэдхэн хормын дотор л уурандаа тийм зүйл хийчихсэн. Гэвч энэ нь өөрийгөө зөвтгөх шалтгаан биш...” гэж тэр ярьжээ.
Киркоров энэ явдлын дараа Израиль явж эмчлүүлэхээр болсон гэнэ. Энэ тухайгаа тэрээр “Надад юу тохиолдоод байгааг ойлгоход цаг хугацаа хэрэгтэй. Би Израиль руу явах болсон нь сэтгэл мэдрэлийн өвчнөө эмчлүүлэх гэж буй хэрэг биш. Би их ядарчээ, нэг л биш болчихож. Яагаад эмэгтэй хүн рүү гар далайх хэмжээнд хүрснээ ойлгохгүй байна” гэж тайлбарлав.
Түүний үйлдлийг хамтран зүтгэгч дуучид нь олон янзаар хүлээн авсан. Энэ талаар Киркоров “Энэ явдал хэн миний нөхөр вэ гэдгийг ойлгууллаа. Николай Басков, Валерий Мелазе нар миний эсрэг үг хэлсэн нь гайхалтай зүйл биш. Тэдний өмнөх ярилцлагыг уншихад л хүнд үед түших хүмүүс биш гэдэг нь ойлгомжтой байсан” гэж тэр ярьжээ. Үүний дараа сэтгүүлч түүнд хэдэн асуулт тавьсан юм.
- Хэсэг дуучид, жүжигчид нэгдэн таны ардын жүжигчин цолыг хураалгах тухай өргөдөл Ерөнхийлөгчид бичих болсныг дуулсан уу. Тэд Иосиф Кобзоны л гарын үсгийг хүлээж байгаа юм билээ... - Дуулсан. Би амьдралаа дахин тэгээс эхлэхэд бэлэн. Ардын жүжигчин гэдэг маш өндөр цол. Энэ бол ард түмэн надад итгэж, намайг хайрлаж байгаагийн илэрхийлэл. Тиймээс надад бүр ч ичгэвтэр байна. Хэрвээ цолыг хураана гэвэл би цааргалахгүй. Гэхдээ хачирхалтай нь энэ өргөдөлд дуучин Валерия гарын үсгээ зурсан гэсэн. Тэр намайг дандаа сайн сайхнаар хэлдэг шүү дээ. Гэтэл яагаад Яна Рудковская, Дима Билан, Сергей Лазарев, Анна Нетребко нар гарын үсгээ зураагүй юм бол?
- Алла Борисовна (Алла Пугачева) тань руу залгасан уу? - Залгасан. Гэхдээ хувийн яриа болохоор дэлгээд яахав. Алла бид хоёр ярилцах нь их ховор болсон. Түүнийг намайг дэмжиж, тайтгаруулсанд талархаж сууна.
- Энэ хэргийг шүүхээр ч шийдэж болохыг мэдэж байна уу. Магадгүй олон нийтэд тустай хөдөлмөр ч эрхлүүлж мэднэ... - Ойлгож байгаа... Би эхнийх нь ч биш, сүүлийнх нь ч биш. Наоми Кемпбелл, Пэрис Хилтон нар ч энэ бүхэнтэй тулгарч байсан. Хийсэн гэмээ үүрэхэд бэлэн. Би бүх хэргэм цолоо хураалгалаа ч үзэгчид минь, тайз минь надад үлдэнэ. Хамгийн аймшигтай нь, би 43 нас хүртлээ эцэг эх минь надаар бахархаж, магнай тэнэгэр байгаасай гэж хүсч, амьдарч ирсэн. Харин одоо тэнгэрт хальсан ээж минь миний өмнөөс ичиж байгаа гэж бодохоор дотор огшоод, өөрийгөө зүхэж байна.
Р.Гэгээ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ