Иргэдийн энэ сонгуулиас хүлээж байгаа үр дүн

img

УИХ, НИТХ-ын сонгуулийн санал хураалт албан ёсоор 20.00 цагт өндөрлөсөн билээ. Үүний дараа иргэдтэй уулзаж санал, сэтгэгдлийг нь сонслоо. -Сонгуулийн мөрийн хөтөлбөр нь биелэж чадвал ирээдүйдээ итгэлтэй байж болно гэж бодоод сонголтоо хийсэн. Би энэ жил анх удаа сонгуульд санал өгч байна. Төр удирдах хүмүүсийг өөрөө сонгох болсондоо баяртай байна. Э.Болдбаатар 19 настай эрэгтэй оюутан -Бичиг баримт байхгүй учраас сонгуульд оролцож чадаагүй. Хүн болгон л сайхан амьдралыг хүсдэг бидэн шиг хүмүүс сайхан амьдралыг хүсээд ч ирэхгүй биз.  Энэ сонгуулиар гарч ирсэн хүмүүс надтай адилхан олон хүнийг бичиг баримттай, хаягийн харьялалтай болгож өгвөл их баярлана. Э.Энхбаатар  52 настай эрэгтэй,  ажилгүй -Бичиг баримтын шилжүүлэг хийгээгүй учраас санал өгч чадаагүй. Энэ жил их сургуулиа төгсөөд нутагтаа очиж амжаагүй. Б.Энхзаяа  22 настай эмэгтэй оюутан -Өглөө эрт саналаа өгсөн. Энэ сонгуулиас хүлээж байгаа үр дүн гэвэл нийгэмд шударга ёс, ажилгүйдэл, архидалтыг багасгаасай. Бас төрийн албаны ажилчдын хүнд суртлыг таслан зогсоогоосой гэж хүсч байна. Харьцангуй шударга дүн гарах байх. Одоо сонгуулийн дүнг хүлээж л байя. С. Түвшинжаргал 45 настай, багш -Хүн болгоны хүсдэг л сайхан амьдралыг хүсч байна. Би Солонгост долоон жил ажилласан. Хэдэн төгрөг олоод л эрүүл мэндээрээ хохирлоо.  Монголдоо  ажилтай, орлоготой болж харьд очиж боолын хөдөлмөр хийхгүй л амьдрах юмсан. Гадаад руу залуучуудыг явуулахгүй эх орондоо амьдраад хийж, бүтээгээд амьдрах боломж бүрдүүлээсэй. Өнгөрсөн сонгуулиар гарсан шиг будлиан гарахгүй гэж итгэж байна. Д. Алтангэрэл 32 настай эрэгтэй -Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл явж байхыг үзлээ. Сонгууль шударга явагдсан гэдэгт эргэлзэж байна. Олон сайхан амлалт хэлсэн ч бодит байдал дээр ард түмний амьдрал хэцүү байна. Хэлээд л өнгөрөхгүй хийж хэрэгжүүлээсэй гэж хүсч байна. Бэлэн мөнгө тараахаа болиод мөнгө олох боломжийг нээж өгөөсэй. Б.Ганжаргал 27 настай эрэгтэй,  менежер -Хаягийн шилжилт хийгдээгүй учраас саналаа өгч чадаагүй. Гэхдээ Ногоон намыг дэмжих байсан. Агаарын бохирдол,  цөлжилт гээд экологийн тулгамдсан асуудлыг шийдэж чадах юм шиг санагддаг. Төрөөс хайр халамж хүлээхгүй өөрсдөө хичээвэл сайхан амьдрах боломж байгааг залуучууд олж хараад  зүтгээсэй гэж хүсч байна. С. Урантуул 28  настай эмэгтэй, урлаг судлаач -Олон жил уран үгэнд хууртаж ирлээ. Их ч удаан шударга ажиллахыг нь хүлээлээ. Үндсээрээ өгөршиж эхэлсэн төр засагт шинэ залуу шижигнэсэн залуучуудыг оруулах хэрэгтэй. Автомат машинаар санал тоолох учраас шударга болох байх. Н.Бат-Ирээдүй 50 настай, захирал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ