
Монголчууд сонгуулийн холимог системээр саналаа өгч, УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 нэр дэвшигчийг сонгон, улс төрийн 11 нам, хоёр эвслээс дэмжсэнийгээ гаргаж ирлээ. Нийслэлийн зургаан тойрогт сонгогчдын ирц 63,24 хувьтай, хөдөө орон нутагт 66,8 хувь буюу улсын хэмжээнд сонгогчдын 65,24 хувь нь сонгуульд оролцсон байна.
Энэ удаагийн сонгуульд урьдчилсан дүнгээр МАН, АН хоёр өөр өөрсдийн нэр дэвшигчдээ өрсөлдөн цоллож эхэлсэн ч нийслэлд АН давамгайлсан нь тодорхой болов. Тухайлбал, Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, С.Одонтуяа, Баянзүрх дүүрэгт Ж.Батзандан, Г.Ганхуяг, Сонгинохайрханд Л.Эрдэнэчимэг, Л.Эрхэмбаяр, Сүхбаатар дүүрэгт Лу.Гантөмөр, Р.Амаржаргал, Хан-Уулд Лу.Болд, Ц.Оюунгэрэл, Чингэлтэй дүүрэгт Г.Баярсайхан ялалт байгуулсан байна. Харин МАН-ын нэр дэвшигчдээс Баянзүрхэд Б.Батзориг , Чингэлтэйд Д.Зоригт, Сонгинохайрханд Д.Сумъяабазар гурав айрагджээ. Харин МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслээс нэр дэвшсэн МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва Сонгинохайрхан дүүрэгт тасархай өнгөлж, Чингэлтэйд Г.Уянга дээсэн дөрөөн дээр байна.
Аймгуудаас Арханхангайд Н.Батбаяр (АН), Баян-Өлгийд Х.Жекей, А.Телейхан хоёулаа МАН, Баянхонгорт Х.Баттулга, Д.Ганбат мөн АН-ынх, Булганд БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, Говь-Алтайд ЗТБХБ-ын сайд Ц.Дашдорж, Дорноговь, Говьсүмбэр аймагт эрхэм гишүүн Я.Батсуурь, Дорнодод МАК-ын Н.Нямтайширын Номтойбаяр, “Дорнод гурил”-ын захирал, бие даагч Х.Болорчулуун, Дундговьд “Мон-Уран”-ы Б.Наранхүү, Дархан-Уулд үйлдвэрчний С.Ганбаатар, эрхэм гишүүн Ж.Сүхбаатар нар сонгогчдын олонхийн санал авчээ. Мөн Завханд Засаг дарга Я.Санжмятав, НАМЭХ-ны тэргүүн Д.Оюунхорол, Өвөрхангайд МАН-аасС.Чинзориг, Н.Төмөрхүү гэсэн бол АН-аас УИХ-ын дэд дарга Г.Батхүү хэмээн зарлалаа. Өмнөговьд “Ажнай”-н Д.Бат-Эрдэнэ, Сүхбаатарт “Бодь”-ийн Н.Зоригт, Сэлэнгэд Сангийн сайд асан С.Баярцогт, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Төв аймагт шадар сайд М.Энхболд, эрхэм гишүүн Су.Батболд, Увсад эрхэм гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Ховдод УИХ-ын гишүүн С.Бямбацогт, бие даагч Ш.Адьшаа, Хэнтийд аварга Б.Бат-Эрдэнэ, эрхэм гишүүн Н.Ганбямба, Хөвсгөлд MCS-ийн Л.Энх-Амгалан, бие даагч Ц.Даваасүрэн, Орхон аймагт Отгонбилэгийн Содбилэг, эрхэм гишүүн Д.Дамба-Очир нар магнайлжээ.
УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн 31 эрхмээс Ховдод Ш.Адьшаа, Хөвсгөлд Ц.Даваасүрэн нар тодорсон нь МАН-аас шоовдорлогдсон хоёр юм. Тэдний зэрэгцээ Дархан-Уулд С.Ганбаатар, Дорнодод Х.Болорчулуун нэмэгдэн, бие даагчаас дөрөв нь эрхэм гишүүний сэнтийд хүрэх зам засав. Сонгуулийн сурталчилгааны үеэр МАНАН-г арилгана гэсэн PR багагүй байсан ч АН, МАН хоёр ана мана үзэлцлээ.
Харин намуудын саналын дүнгээр нийслэлд АН давамгайлж, хөдөө орон нутагт МАН 22 мандатын эзэн болжээ. Гадаадад байгаа санал өгсөн 2770 иргэн зөвхөн УИХ-ын сонгуульд оролцсон улс төрийн намуудаас дэмжсэнээ сонгосон байна. Тэд ИЗНН, МСДН, Эх орон болон Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөр нам зэргийг сонгосон нь үзэл бодлоо чөлөөтэй уралдуулсныг илтгэнэ.
Одоогоор СЕХ-ноос сонгогчдын ирцнээс бусад дүнг мэдээлээгүй учраас ялалтын мэдээ нам, эвслийнхний цуурай төдий, олон эх сурвалжаас өөр өөрийн үзэмжээр зарлаж байгаа учраас урьдчилсан дүн наанатай цаанатай гарах нь ойлгомжтой. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр БНН-ын дарга Б.Жаргалсайхан санал тоологч автомат машиныг жаахан гоочлов. Үнэхээр ч гурван хэсэгт уг машин гацсан тохиолдол гарчээ. Саатлыг шуурхай зассан нь яамай.Нийслэлд ИТХ-ын сонгууль давхар явагдсан нь сонгогчдоос багагүй хугацаа шаардаж, санал хураалтын ирц аймгуудаас доогуур гарахад нөлөөлсөн байж магадгүй. Гэсэн ч гадаадын ажиглагчид манай сонгогчдыг санасныг бодвол саналын хуудсаа сайн бөглөж байсныг сайшаасан үг хэлж байлаа.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ