
УИХ-ын сонгуулийн албан бус урьдчилсан мэдээгээр 2012-2016 оны парламентад таван эмэгтэй сонгогдоод байгаа билээ. Тодруулбал, Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшигч С.Одонтуяа, Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшигч Ц.Оюунгэрэл, Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч И.Нарантуяа, Завхан аймагт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхорол, Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнэчимэг нар парламентын гишүүн болох нь тодорхой байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу мөн намын авсан саналын хэмжээгээр парламентийн танхимд суух 28-н УИХ-ын гишүүний нэр тодорно. Ардчилсан намаас өгсөн албан бус мэдээгээр тус намаас намын жагсаалтаар 13 хүн ирэх парламентад суухаар байгаа.
Энэ жагсаалтад эмэгтэйчүүдээс Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх М.Батчимэг, Сонгогчдын боловсролын төвийн тэргүүн Р.Бурмаа нар багтаж байгаа юм. Үүн дээр ИЗН-ын аваад буй 12 хувийн саналаар тус намын жагсаалтыг тэргүүлж буй УИХ-ын гишүүн С.Оюун нэмэгдэх төлөв гараад байна. Ингээд УИХ-ын тухай хуулийн дагуу УИХ-д наймаас дээш суудал авч бүлэг байгуулах боломжтой.
Сонгуулийн дүн хараахан эцэслэн тоологдоогүй байгаа энэ үед 2012-2016 онд олон жилийн турш яригдаж ирсэн эмэгтэйчүүдийн бүлэг байгуулах боломж харагдаж байна. 2012 оны УИХ-ын сонгуульд монголын түүхэнд байгаагүй буюу 200 гаруй эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөн билээ. Тэдгээрийн хөдөлмөр өндрөөр үнэлэгдэж, 2012-2016 оны парламент эмэгтэйчүүдийн бүлгэмтэй болох нь.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ