
2011 онд явагдсан усны тоо бүртгэлээр аймгуудын тооллогын дүн, улсын хэмжээний нэгдсэн дүнг тус тусад нь гаргажээ. Монгол орны хэмжээнд 2 буюу түүнээс дээш аймгийн хил дамжин урсдаг 56 гол мөрөн, 3 томоохон нуур байдаг.
Улсын хэмжээнд нийт 6646 гол горхи тоологдсоноос устай бүртгэгдсэн 6095 гол горхи байна. Үүнээс 551 гол горхи тасарсан, шургасан ширгэсэн гэсэн мэдээлэлтэй маягт хөтлөгджээ. Энэ оны хур тунадасны байдал, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөлөл, уур амьсгалын өөрчлөлт зэргээс хамаарч гол, горхи газар орон бүрд харилцан адилгүй хэмжээгээр нэмэгдэж, урьд оныхтой харьцуулахад нэмэгдсэн эерэг өөрчлөлтүүд байна. Сүүлийн 30 жилд олон жилийн дунджаас бага хур тунадастай байсан 2003-2007 онуудтай харьцуулахад хатаж ширгэсэн голын тоо цөөрсөн байна.
Энэ онд 6-8 сарын орчимд хур тунадасны хэмжээ нэлээдгүй нэмэгдэж эдийн засгийн болоод хүн амын нягтаршил ихтэй аж үйлдвэрүүд ихээр төвлөрсөн төвийн бүс, мөстлөөс голлон тэжээгдэх Алтайн нурууны ар, хур борооны тэжээл зонхилох Хангайн нуруунаас эх авсан голуудын урсац нэмэгдсэн ч Онон, Улз голын сав газар, говь тал хээрийн бүсэд хатаж ширгэсэн голын тоо олон байх хандлага илэрчээ. Монгол орны нутаг дэвсгэрийн өмнөд хэсэг, зүүн урд нутгуудаар хур тунадсаар тэжээгддэг олон тооны гол горхи, булаг шанд сэргэж, тэжээгдэж чадаагүй байна.
Нуур, тойром
Монгол орны хэмжээнд тоологдсон нуур, тойром нийт 3613, үүнээс устай 3130, ширгэсэн 483 байна. 2003 онд 4639 нуур тоологдсоноос 780 гаруй нь ширгэсэн, 2007 онд 3732 тоологдсоноос 1163 ширгэсэн байна. Говь, тал хээрийн бүсийн аймгуудын хувьд бороо, цасны уснаас тогтсон жижиг нуур тойром 2003 онд ихээр тоологдсон байдаг бөгөөд тухайн жилд болон түүнээс өмнөх жилүүдэд одоогийн мөн үеийнхтэй харьцуулахад хур бороо элбэгтэй, гадаргын ус тэжээгдэл сайтай үеэр тооллого явуулсан нь ийм өндөр тоотой гарахад нөлөөлжээ. Сүүлийн жилүүдэд орох хур тунадасны хэмжээнээс ихээхэн хамаардаг, өөр тэжээгдлийн эх үүсвэргүй ихэнх жижиг нуур тойром хатаж ширгэсэн нь тооллогын дүнгээс харагдаж байна.
Булаг, шанд
Монгол орны хэмжээнд 2011 оны байдлаар нийт 9320 булаг шанд бүртгэгдсэнээс 7441 булаг, шанд устай тоологдсон байна.
Мөн тоо бүртгэлийн хүрээнд хамруулсан чухал хэсэг бол усны инженерийн хийцтэй барилга байгууламж байна. Үүнд цэвэрлэх байгууламж, үерийн хамгаалалтын даланг хамруулж, орон нутаг бүрт бүртгэн ашиглалтын байдал, хүчин чадлыг тодорхойлжээ.
Улсын хэмжээнд 64 үерийн хамгаалалтын далан бүртгэгдсэнээс хүчин чадал нь тодорхой 35 далан /нийт 128 км урт/, тодорхойлох боломжгүй /хүний гараар сүйтгэгдсэн, хөрсний нүүдэлд дарагдсан, сэтэрсэн, ашиглалтаас гарсан зэрэг шалтгаантай/ 29 далан байна. Цэвэрлэх байгууламжийн хувьд улсын хэмжээнд 66 байна. Зарим аймаг, орон нутаг дахь цэвэрлэх байгууламжийн хоногт цэвэрлэж байгаа усны хэмжээ харилцан адилгүй, зарим цэвэрлэх байгууламж огт ажиллагаагүй болсон байна. Монгол орны хэмжээнд одоогоор ашиглаж байгаа 13 усан цахилгаан станц байна.
Худаг
Улсын хэмжээнд 34313 худаг тоологдсоноос өрөмдмөл гүний худаг 6510, богино яндант болон эвдэрсэн худаг 1595, энгийн уурхайн буюу ардын худаг 26208 бүртгэгджээ.
Бүртгэгдсэн худгуудаас 1934 оноос хойш гаргасан 17000 гаруй худгийг байр зүйн солбицол, байршил, ашиглалт, усны чанар зэргийг тодорхойлон бага, дунд масштабтай зурагт буулгаж электрон хэлбэрт хөрвүүлэх ажлыг гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа аж.
Орон нутаг дахь ихэнх өрөмдмөл худаг 1998 оноос хойш сэргээн засварлагдаж, шинээр гаргасан худгууд байгаа бөгөөд огт ашиглалтгүй нэлээд нь эвдэж сүйдсэн, цооногийг нь элдэв хогоор дүүргэсэн, барилгыг нь нурааж ачаад явсан зэрэг байдалтай байжээ. Мөн төсвийн хөрөнгөөр орон нутагт 2009 оноос шинээр болон сэргээн засварлаж гаргасан 1700 гаруй худгийн албан ёсны дүн, тайланг ХХААХҮЯ-наас Усны газарт ирүүлээгүй байна.
Услалтын систем
Улсын хэмжээнд нийт 244 байдгаас Усны мэдээллийн санд бүртгэгдсэн 102 услалтын систем ажииллаж байна. Үүнээс 500 га-гаас дээш талбай услах хүчин чадалтай 22, орон нутгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан 36 байгаа ба одоо бүгд ашиглагдаж байна. ХХААХҮЯ-наас гаргасан судалгаагаар усалгаатай газар тариаланг талбайн хэмжээгээр нь тооцсон бүртгэлд 21 аймаг, Улаанбаатар хотын бүгд 38914.67 га талбайг услах хүчин чадалтай юм.
Рашаан
1930-аад оноос хойш ЗСБНХУ-ын /хуучин нэрээр/ эрдэмтдийн судалгааны экспедицитэй хамтран Монгол орны рашааныг судалсан бөгөөд нийт 220 гаруй рашаан байгаа юм.
Рашааны үнэлэмж хангахуйц 90 гаруй ордтойгоос халуун рашааны орд 40, хүйтэн рашааны орд 52, байгалийн халуун уур бүхий орд 1, рашаан төст булаг 108, бичил орчин бүхий хүчин зүйлс байгаагаас гадна эмчилгээний лаг, наанги шавартай 40 гаруй нуур, шаврын орд газар судлагдсан байна.
2008 оны тооллогоор рашааны үнэлэмж хангаж болохуйц рашаан, рашаан төст булаг 473 тоологдсоноос устай 420 рашаан, 2003 онд 374 тоологдсоноос устай 364 рашаан, 2007 онд 429 тоологдсоноос устай 369 рашаан байсан байна. Цаашид мэргэжлийн байгууллагууд хамтран дээр тоологдсон үнэлэмж хангаж болохуйц рашаан усыг шинээр судлан тогтоож мэдээллийн санд оруулан, улмаар хүн амын эрүүл ахуй, эмчилгээ сувилгаанд оруулах шаардлагатай юм. Хими-Химитехнологийн хүрээлэн ОХУ-ын Буриадын эрдэмтэдтэй хамтран Хэнтийн нуруу, Хэрлэн голын сав газар, Сибирийн мужуудад рашаан усны хамтарсан судалгааг 2007 оноос эхлээд байгаа аж.
Рашааны ашиглалтын байдлыг авч үзэхэд одоогоор улсын хэмжээнд ашиглагдаж байгаа 9 рашаан, бүс нутгийн хэмжээнд ашиглах 3 рашаан, аймгийн хэмжээнд ашиглаж байгаа буюу цаашид ашиглах 18 рашаан, сумын хэмжээнд ашиглах 15 рашаан, ашиглах боломжтой эмчилгээний нуур болон шаврын орд 12, савлаж ашиглах боломжтой рашаан 11 байна гэж үзсэн.
Монгол орны хэмжээнд рашаан болон рашаан төст булгийг бүртгэх, судлах ажлыг БОАЖ-ын сайдын 2009 оны тушаалаар зохион байгуулж, нийт 429 рашаан хамруулж усны дээж авчран холбогдох мэргэжлийн байгууллагуудаар судлуулснаар рашааны үнэлэмж хангахуйц 265 рашааныг усны мэдээллийн санд бүртгэжээ.
Иргэд, байгууллагуудын мэдээллээр рашаан хэмээн бүртгэгдсэн булаг шандыг рашаан төст булгийн ангилалд хамааруулан булаг шандын бүртгэлд тусгасан болно.
Баянбүрд
Монгол орны говийн баянбүрд гэж байгалийн өвөрмөц тогтоцтой, ургамал, амьтны аймаг бүхий орчин байдаг билээ. Гол эх сурвалж нь усны эх үүсвэр, түүний тэжээгдэх орчин юм. Монгол орны хэмжээнд одоогийн байдлаар судлагдсан 30 баянбүрд байгаагаас олонх нь Алтайн нурууны өврөөс зүүн тийш дорнод Монголын тал хээрийн бүс хүртэл үргэлжилсэн өргөн уудам нутгаар байрлалтай.
Байгаль, цаг уурын цогц өөрчлөлтөөс шалтгаалан говийн баян бүрдийн ихэнх нь тэнцвэрт байдлаа алдан хатаж ширгэсэн, эргэн тойрондоо ургамал, амьтны аймаг үгүй болсон, зарим нь баянбүрд гэхээсээ илүү булаг, шанд болон хувьсан өөрчлөгдсөн, эргэн тойрондоо ургамлын бүрхэвчгүй болжээ.
Мөнх цас мөсөн гол
Мөнх цас мөсөн гол 2011 онд 225 тоологджээ. Энэ оны хувьд аймгуудаас ирсэн мэдээллээр гаргажээ. Монгол орны мөстөл, мөсөн голын ихэнх хувь нь Баян-Өлгий аймагт байдаг. Тус аймагт 182, Ховд аймагт 7, Увсад 33, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл аймагт тус бүр 1 бүртгэгдсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ