Дани улсад Монголын соёлын өдрүүд болж байна
Данийн Вант Улсын Лемвиг хотноо энэ сарын 24-ний өдрөөс долдугаар сарын 1-ний хооронд “Монголын соёлын өдрүүд” арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Дани улсад амьдарч байгаа иргэн Н.Гансүхийн гэр бүл Дани дахь “Монголын анд нөхөд” нийгэмлэгийн гишүүдийнхээ дэмжлэгтэйгээр өмнөх жилүүдэд “Монголын соёлын өдөр”-ийг зохион байгуулсаар иржээ. Энэ жилээс уг арга хэмжээгээ өргөжүүлэн өөрийн хөрөнгөөр 4-8 ханатай монгол гэр зургаан ширхэгийг хийж бэлтгэн, Монгол орныг сурталчлах фото болон уран зургийн үзэсгэлэн гаргаж, ардын дуу, хөөмий, бүжиг, уран нугаралт зэрэг үндэсний урлагийн “Хан Богд” хамтлагийн бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлж, ноолуур, сарлагийн хөөвөр, тэмээний ноосон хувцасны загварыг сонирхуулж байгаа юм. Уш үзэсгэлэн Данийн Вант Улсын Баруун хязгаарын Лемвиг нутгийн оршин суугчид төдийгүй зуны улиралд 25 мянга орчим жуулчид цуглардаг газруудын нэг болох Бовбери фүр хэмээх 1877 онд баригдсан түүхэн гэрэлт цамхагийн дэргэд зохион байгуулагдаж байгаа юм. Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулахад нь ЭСЯ-ны зүгээс туслалцаа, дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ асуудлыг холбогдох байгууллагуудад уламжлан дэмжлэг хүсэхээ тус улсад суугаа Элчин сайд Б.Энхмандах хэлсэн байна. Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ