Намын жагсаалтаар хэн сонгогдох вэ?

img

​​Сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Энэ сонгууль холимог тогтолцоогоор явсан. Тиймээс сонгогчид 26 тойрогт нэр дэвшигчдээс сонголт хийлээ. Мөн пропорциональ тогтолцооны дагуу намын нэр дугуйлсан юм. Ингээд сонгогчдоос авсан саналынх нь хувиар намуудыг байр эзлүүлж байгаа. Харин өчигдөр СЕХ-ны танилцуулсан дүнгээр нийт сонгогчдын 32.24 хувь нь АН-ыг дугуйлсан байна. Тэгэхээр АН-ын жагсаалтаар нэр дэвшсэн 28 хүний эхний есөн хүн нь УИХ-д суух эрхтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, АН-ын дарга Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин, Ч.Сайханбилэг, Д.Эрдэнэбат, Ш.Түвдэндорж, Р.Бурмаа, Ц.Баярсайхан, Р.Гончигдорж нар багтаж, Ерөнхийлөгчийн зөвлөх асан М.Батчимэгийн урдуур таслагдах бололтой. Харин СЕХ-ны энэ мэдээллийг АН-ынхан буруу тооцоо гэж мэдэгдэж байгаа юм. Харин МАН-ыг сонгогчдын 28.38 хувь нь дэмжжээ. Тэгэхээр тус намын жагсаалтаар нэр дэвшсэн 28 хүний эхний найм нь УИХ-д орох бололтой. Тухайлбал, С.Батболд, У.Хүрэлсүх, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж, Н.Энхболд, Я.Содбаатар нар багтаж, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярын өмнүүр таслах юм байна. Тэдний араас сонгогчдын хамгийн олон саналыг авсан намаар МАХН-МҮАН-ын шударга ёс эвсэл орж байна. Эднийг нийт сонгогчдын 20.51 хувь нь дэмжжээ. Тиймээс тус эвслээс нэр дэвшсэн 28 хүний эхний тав нь УИХ-д орох боломжтой. Нэрлэвэл, Ч.Улаан, Н.Батцэрэг, М.Сономпил, Ц.Баянсэлэнгэ, О.Баасанхүү нар багтах нь. Харин МҮАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Ц.Цолмон азгүйд тооцогдож өмнүүрээ улаан шугам татуулах нь ээ. Иргэний зориг ногоон нам 5.9 хувийн босго давсан учраас тус намын жагсаалтаар нэр дэвшигчдээс зөвхөн С.Оюун гишүүн парламентад орох бололтой. Үлдсэн намууд үндсэндээ таван хувийн босго давж чадаагүй. Тиймээс тэдний авсан хувийг нэмээд, дээрх гурван намд хуваана. Өмнүүрээ улаан шугам татуулсан АН-ын М.Батчимэг, МАН-ын Ж.Энхбаяр, МАХН-МҮАН-ын "Шударга ёс эвсэл"-ийн Ц.Цолмон нарт боломж гарч магадгүй. Я.Мөнгөн Эх сурвалж: topmedee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ