
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон болон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Сирид болж буй хямралыг зогсоох арга хэмжээг авч хэлэлцэхээр Санкт-Петербургт уулзсан байна.
Хэдий хоёр улс энэ талаар өөр өөр байр суурьтай ч санал нийлсэн шийдэлд хүрэх боломж байгаа гэлээ.
Хоёр удирдагчийн уулзалтын дараа Сергей Лавров хэлэхдээ “Женевт болох уулзалтад бид хамтарсан шийдэлд хүрэх өндөр боломж бий. Хатагтай Клинтоны байр суурь уулзалтын үеэр бага зэрэг өөрчлөгдсөн юм шиг санагдсан” гэсэн юм.
Харин АНУ-ын Төрийн департментын сүүлийн мэдэгдэлд энэ тухай “Хоёр улсын хооронд одоо ч санал зөрөлдөөн бий” гэсэн байна.
Өнөөдөр Женевт болох хэлэлцээрийн талаар “Бид шийдэлд хүрж ч магадгүй, үгүй ч байж болно” гэжээ.
АНУ Ерөнхийлөгч Башар Ассадыг огцрохыг шаардаж байгаа бол, түүнийг байрнаас нь буулгах ямар ч үйлдлийг ОХУ эсэргүүцэж байгаа юм.
Мөн Башар Ассад өөрөө хэлэхдээ “Энэ бол Сирийн дотоод асуудал. Манай оронд болж буй хямралыг гадны улсууд шийдэх ямар ч шийдлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ямар ч гадаад дарамт манай Засгийн газрын бодлого болоод дотоодын аюулгүй байдалд нөлөөлж чадахгүй” гэсэн юм.
Харин саяхан Лавровын орлогч Геннади Гатилов твиттер хуудсандаа “Манай барууны түншүүд Сирийн улс төрийн үйл явцыг шийдэх гэж оролдож байна. Уг нь энэ чинь Сирийн ард түмэн өөрсдөө шийдэх асуудал шүү дээ” гэж бичсэн байлаа.
Өнөөдөр Женевт явагдах хэлэлцээрт НҮБ-ын байнгын таван гишүүн орноос гадна Турк, Ирак, Кувейт, Катар улсууд оролцох юм.
Сирид болж буй хямрал хурцадмал хэвээр л байна. Пүрэв гаригаас хойш өнөөдрийг хүртэл зуу гаруй хүн амиа алдсан мэдээ байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ