
Аянга, цахилгаантай бороотой аймшигт шуурганаас болж АНУ-ын зүүн эргийн мужуудад онцгой байдал тулгарчээ. Өнгөрсөн баасан гаригаас эхлэн дэгдсэн энэхүү шуурганы улмаас 14 хүн амиа алдаад байна. Температур цельсийн 40хэм ойртсонтой давхцан цахилгаан тасарснаас олон сая хүн агааржуулагчтай газар хайн гэрээсээ дүрвэж, дэлгүүр, кино театруудад орогноход хүрчээ. Цахилгаан ойрын хэд хоногтоо ирэхгүй байж магадгүй байна.
Хохирлын ихэнх хэсэг Баруун Виржиниа, Вашингтон, болон Виржиниа, Мериленд хотуудын захаар байгаа юм. Агааржуулагчгүй байгаагаас үүдэн хөршүүд, хөгшин настай хүмүүсээ эргэж тойрон, шалгаж байхыг албаныхан сануулж байгаа аж. Хүмүүсийг ядаж цэвэр устай байлгахын тулд ус цэвэршүүлэх төхөөрөмжүүдийн ажиллагаанд мужийн ажилчид анхаарч байна.
Баасан гаригт болсон энэхүү шуурга нь “Деречо” нэртэй бөгөөд цаг уурын ховор үзэгдэл юм. Энэ нь Хар шуурга, Торнадотой харьцуулахад урьдчилан мэдэхэд хэцүү ч адилхан хөнөөл ихтэй гэнэ.
Флорида, Оклахама зэрэг хол байдаг мужуудаас эрчим хүчний ажилтнууд ирж, цахилгаан болон агааржуулагчийг ажиллагаанд оруулахаар хичээж, Үндэсний хамгаалах багийнхан хамгийн түрүүнд томоохон замуудаас нурангийг зайлуулж байгаа аж. Хэт халуунаас хамгаалан их хэмжээний шингэн уух, шууд нарны тусгалаас хол, агааржуулагчтай газар байхыг албаныхан иргэдэд сануулж байна. Түүнчлэн зарим мужуудад иргэдэд усан бассейнуудад үнэгүй орох эрхийг олгосон байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ