О.Мөнх-Од: Шүлэг уншихгүйгээр би байж чадахгүй нь

img

-Юуны өмнө уншигчдад маань өөрийгөө танилцуулахгүй юу? -Баярлалаа. Намайг Отгонбаатарын Мөнх-Од гэдэг, арван хоёр настай. “Болжмор дэлхийг сэрээнэ” нэртэй шүлгийн цомгоо саяхан гаргасан. Эмчилгээнд яваад эдгэрээд ирсэндээ маш их баяртай байна. Намайг өвдөөд хэвтэж байх үед надад туслаж дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярлалаа. Мөн надаас ярилцлага авахаар гэрт маань ирсэн Shuud.mn сайтын хамт олонд баярлалаа гэж энэ завшааныг ашиглан хэлье. -“Болжмор дэлхийг сэрээнэ” цомогт нийт хэчнээн уран бүтээл орсон бэ? -Багштайгаа хамтарсан хос цомог гаргахдаа 24 бүтээл багтаасан. 12 нь миний өөрийн уншсанаар, 12 нь багшийн маань уран бүтээл бий. Өөрийнхөө шүтэж явдаг олон сайхан, мундаг яруу найрагч, зохиолчдын шүлгүүдээс уншиж, цомогтоо  оруулсан. -Ихэвчлэн ямар зохиолчийн шүлгүүдээс уншдаг вэ. Өөрийнхөө шүтэж явдаг зохиолчдоос хэнийх нь шүлгийг уншихад илүү ойр байдаг вэ? -Бүх л зохиолчид адилхан сайхан шүлэг зохиодог гэж би боддог. Тэр дундаа Б.Лхагвасүрэн гуайг хүндэлдэг. Б.Лхагвасүрэн гуай “Хоёрын тоо” шүлгээ хүүхэд байхдаа зохиож байсан гэдэг. Би гаргасан цомогтоо тэрхүү шүлэг ба “Боржигоны бор тал”, “Эх орон бид хоёр” шүлгүүдээс нь уншсан. Эмчилгээнээсээ ирээд “Эх орон” шүлгээ дүрсжүүлсэн. Одоо хоёр дахь цомгоо гаргавал цомогтоо орсон шүлгүүдээ бүгдийг нь дүрсжүүлж оруулах бодолтой байна. Р.Чойном агсны “Шүтээн” шүлгийн клипийг Төв аймагт очиж дүрсжүүлсэн. -Б.Лхагвасүрэн гуайн шүлгүүдээс  уншдаг гэлээ. Тэгэхээр аугаа том хүний гаргасан үг бүрийг хүний сэтгэлд хүртэл унших нь чамаас багагүй чадвар шаардана  даа? -Багш маань байнга нэг зүйлийг  захиж хэлдэг  юм. Чи их балчир байна. Тэгэхээр  хүүхэд бол хүүхдийн л шүлэг унших ёстой. Гэтэл том хүний хүнд сэдвийн шүлэг уншиж байна. Шүлгийг хэзээ ч уншиж болохгүй. Шүлгийг хүнд ярьж өгөх хэрэгтэй. Хүний сэтгэлд ортол ярьж өгөх нь чухал. -Өгүүлэхүйн урлагт хэрхэн шимтэн орох болов? -Цэцэрлэгийн хүүхэд байхад аав маань надад Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ” шүлгийг зааж өгч байсан юм. Тэр үед манай цэцэрлэгийн урлагийн үзлэг болж байлаа. Би энэ шүлгээ уншаад  түрүүлж байсан. Ингээд манай аав маань миний хүү шүлэг их амархан цээжилж уншиж чадах юм байна гэж анх миний авьяасыг олж нээж өгч байсан. -Шүлэг бичдэг үү? -Уг нь шүлэг бичих их дуртай, сонирхдог. “Ээжийдээ захидал бичээрэй” улсын дөрөв дэх уралдаанд захиа бичиж орсон. Эмчилгээнд явж ирээд энэхүү уралдаанд захидал бичсэн. Тэр захиандаа би өвдчихөөд муу ээжийгээ ямар их зовоож байна аа, миний хажууд ээж минь л байж надад тусалж байна гэдэг зүйлийг захиандаа бичсэн.Тус уралдаанд 1000 захидал ирснээс миний бичсэн захиа гуравдугаар байранд орсонд маш их баяртай явдаг. -Олны танил хүүхэд байна гэдэг нь их сайхан зүйл болов уу? -Их сайхан шүү дээ. /инээв/  Багагүй олонд танигдаж чадсан. Цомогноосоо их нэр авч байгаа. Сургуулийнхаа нэг хүүхдээс Болжмор Мөөгий гэдэг нэр авсан. Миний цомгийн нэрээр намайг дуудаж байгаа нь цомгийг маань хүүхдүүд авч сонсож байна гэж дотроо их баярлаж байсан. -Анх тайзан дээр гарахад багагүй сандарч байсан байх. Тэр үеэ эргэн дурсвал? -Өвдчихөөд хэвтэж  байх үедээ цомгоо борлуулж байсан. “Болжмор дэлхийг сэрээнэ” цомгийн нэрээр л намайг хүүхдүүд таньдаг. Зарим хүүхдүүд намайг CD-ний найз гэж ч дууддаг. Энэ цомгийн нэрийг зохиолч Д.Жаргалсайхан ах маань өгсөн. Би Жаргалсайхан ахыг их сайн зохиолч гэж боддог. Миний хамгийн анхны уран бүтээл “Тэрэгчин хүү” шүлгийг надад өгч  шүлгээ дүрсжүүлж байлаа. Энэ шүлэг маань их ухаарал хайрласан, аав нь хаяад явсан, гэтэл ээж нь өвчтэй босож явж чаддаггүй. Хүү нь тэрэг түрж олсон мөнгөөрөө ээждээ эм тариа авч өгдөг тусархуу хүүгийн талаар өгүүлдэг шүлэг. Клипнийхээ гол дүрд өөрөө тоглож шүлгээ мөн өөрөө уншсан.   -Ямар хичээлдээ сонирхолтой вэ? -Уран зохиолын хичээлдээ дуртай. Их л гоё байдаг юм. Уран зохиолын номнууд уншдаг шүлэг цээжлэх даалгавар өгдөг тэрийгээ цээжлээд самбарын өмнө онц дүн авчихаад зогсож байхад өөрийн эрхгүй баярлаад л байдаг. -Ном унших дуртай юу. Нийт хэчнээн ном уншсан бэ? -Нэлээд олон ном уншсан. Ном унших тэр дундаа шүлгийн ном унших дуртай. Би саяхан Д.Цоодол гуайтай уулзсан тэр том зохиолч надад өөрийнхөө гаргасан шүлгийн номоо гарын үсгээ зураад дурсгасан. Тэр номоо уншиж байгаа. -МУГЖ Жагдаг багшийнхаа бяцхан шавь нь. Хэрхэн багш шавь болж байв? -Зурагтаар багшийгаа харчихаад энэ хүний шавь нь болчихоод ийм алдартай  шүлэг уншдаг хүн болох юмсан гэдэг миний мөрөөдөл байсан. Гэтэл нэг өдөр аав маань машинтайгаа явж байсан. Багш  тоглолтоо тараад замын хажууд машинд суух гээд зогсож байхад нь аав маань гэрт нь хүргэж өгөөд замдаа миний тухай хэлсэн байсан. Хүүгээ таны  шавь болгоё гэж. Багшид шалгуулахад хоолой нь эвдрээгүй хүүхэд байна. Би мэдэх чадах зүйлээ бүгдийг нь зааж өгнө гэж хэлээд Жагдаг багш намайг шавиа болгож байсан. Одоог хүртэл багштайгаа хамтарч ажиллаад явж байна. -Цаашид ямар зохиолчдын уран бүтээлээс унших вэ. Хамтарч ажиллах санал тавьсан зохиолчид байгаа юу? -Д.Жаргалсайхан ахтай хамтарч ажиллана. Энэ хүний уран бүтээлээс түлхүү унших бодолтой байна. Цагаан сарын өмнө Жаргалсайхан ах надад “Чоно” шүлгээ өгсөн. Утга агуулгатай шүлэг бий. Надад олон шүлгүүдээсээ өгсөн. -Тэмцээн уралдаанд их орж байв уу. Их олон медальтай юм аа? -“Уран жиргээ” улсын хэмжээнд зохиогддог наадамд  дүүрэг хотод түрүүлээд улсад хоёрдугаар байранд орж байсан. Цаашид шүлгээс гадна өгүүллэг, найраглал унших сонирхолтой байна. Энэ авьяасаа цаашид өргөжүүлээд явна. -Том болоод ямар мэргэжилтэй хүн болох вэ? -Сэтгүүлч мэргэжилтэй болно гэж бодож байна. Өөрөө шүлэг уншдаг, жүжиглэдэг, шүлэг зохиодог.  Яг зурагтаар гардаг Алтантүрүү ах шиг тийм сэтгүүлч болно. -Өөрт тохиолдсон хөгжилтэй явдлаа эргэн дурсвал? -Манай сургуулийн том ангид  уран зохиолын  хичээл заадаг багш  нэг өдөр намайг дуудсан юм. Би гайхаад л яах гэж байгаа юм бол доо гэж дотроо бодоод очлоо. Гэтэл намайг “Уран жиргээ” наадмыг шүүгээд өгөөч ээ гэсэн. Гэтэл тэр тэмцээнд дандаа том ангийн ах эгч нар орж байсан юм. Би зөвшөөрч  анх удаа шүүгч хийж байлаа. Би их томоотой, аав ээжийнхээ үгнээс гардаггүй дуу цөөтэй хүүхэд байсан. Сурлагын хувьд сайн сурдаг аав ээжийнхээ чихийг ганц удаа халууцуулж байгаагүй ээ. Уран зохиол, монгол хэл, дуу бүжгийн хичээлд дуртай байсан. Томрох тусмаа ухаан сууж томоожиж байгаа. Ээж аавыгаа хэзээ ч дахиж зовоохгүй ажил мэргэжилтэй том хүн болж тэднийхээ ачийг хариулж  жаргаамаар байна. Бас Монголд ядуу зүдүү гэр оронгүй хүүхдүүд зөндөө байна. Томчууддаа хэлэхэд хүүхдээ хайрлаач ээ,  тэдэнд зориулсан гоё, гоё зүйлийг хийж өгч байгаарай л гэж хэлье дээ. Гэр оронгүй гудамжны хүүхдүүдийг хараад өрөвддөг. Ээж аав  нь яасан юм бол хүүхдүүдээрээ  наймаа хийлгээд гэр орноосоо хөөж тууж байгаа томчуудыг хараад  дургуй хүрдэг. Энэ бол зөвхөн миний бодол шүү. /инээв/ -Өвдөөд хэвтэж байхад нь хүмүүс сэтгэл санаагаар хэр дэмжиж байв? -Надад олон хүмүүс туслаж байсан. Байгууллага болон хувь хүмүүс Монголын ард түмэн бүгдээрээ надад сэтгэлийн дэм болон  урам өгсөн. Орчлон сургууль, Гурван тамир сургууль, 9-р  сургууль, 62-р сургуулийн багш сурагчдадаа бүгдэд нь баярлалаа.  Би Хаан банкны рекламд тоглож байсан учраас Хаан банкны ах эгч нар надад тусалсан. Сайны хажуугаар саар гэдэгчлэн туслах сайн санаат хүмүүсийн хажууд муу хүмүүс ч байсан. Цомгийг маань зарчихаад мөнгийг нь өгөхгүй зугтаж байсан ч хүмүүс байлаа. Тусалсан ч хүмүүс байгаа туслаагүй ч хүмүүс байгаа. -Хүнд өвчнийг ялан дийлэхэд өөрөө сэтгэлийн их хаттай байсан. Тэгэхээр эмчээс эдгэрсэн гэсэн сайхан мэдээг дуулчихаад тэр үед төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач? -Ээж маань сахиж, аав маань өөр газар байрладаг байсан. Хамгийн түрүүнд аавдаа энэ сайхан мэдээг дуулгасан. Аав маань самгардаад итгэж чадахгүй битгий ааваараа тоглоод бай гэж хэлчихээд нэг мэдэхэд л эмнэлэг дээр ирчихсэн эмч нартай уулзаж байж итгэсэн байсан. -Ээж, аавынхаа ачийг хариулах том үүрэг хүлээлээ шүү дээ? -Том болоод сэтгүүлч болчихоод аав, ээжийнхээ ачийг нь харилна л гэж боддог. Өвдөж л болохгүй юм байна өвдвөл ээж аавыгаа зовоох учир эрүүл байх ёстой гэдгийг мэдэж авсан. -Чөлөөт цагаараа юу хийдэг вэ? -Гадаа тоглодог, ном унших дуртай мөн  дүүгээ хардаг.Шүлэг унших унших дуртай, зав л гарвал шүлгээ цээжэлдэг. Багш дээрээ очиж шүлгийн бэлтгэлээ хийдэг. -Шүлгийг их хурдан цээжлэх юмаа. Өөрийн гэсэн арга барил байна уу. Байдаг бол үе тэнгийн найз нартай нууцаасаа хуваалцаач? -Аав маань ихэнхдээ давтуулдаг даа. Өөрөө уншина багш хэрхэн уншиж тогтоох талаар зааж зөвлөдөг. Урт шүлгийг нэг хоёр өдөр уншаад л цээжилчихдэг. Багшаас гадна аав маань миний дотны туслагч минь юм даа. -Хүүхдийн зохиолчидтой хэр хамтарч ажиллаж байна. Ихэвчлэн эх орны сэдэвтэй шүлгүүд уншсан байдаг? -Зохиолчдын шүлгийг уншихдаа өөөрсдөөс нь зөвшөөрөл авч байж шүлгийг нь уншдаг. Надад нэртэй том бүх л зохиолчид зөвшөөрч гарын үсгээ зурж уран бүтээлээс нь унших боломжийг олгосон тэр бас их сайхан явдал. Хүүхдийн зохиолчид ховор байдаг. Ер нь хүүхдийн шүлэг зохиол бичдэг зохиолчид тун ховор байдаг юм билээ. Ихэвчлэн эх орон, эхийн тухай, морины сэдэвтэй шүлгүүд их байдаг.                                                                                 Ярилцсан Э.Сувд Гэрэл зургийг Б.Батжаргал  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ