Л.Нацаг: Бохирддоггүй арьсаар Монголын брэндийг гаргана

img

Турк улсын Эгийн их сургуулийн доктор Л.Нацагтай ярилцлаа. Тэрбээр Турк улсад арьс, ширний инженерийн чиглэлээр 10 жил суралцаж, саяхан нанотехнологийн гайхамшгийг харуулсан нэгэн эрдмийн ажил хийсэн юм. Түүнтэй нанотехнологи болон өөрийн бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэе. -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөөболон хийж байгаа ажлынхаа талаар танилцуулахгүй юу? -Би Булган аймгийн II арван жилийг 1993 онд төгсөж, Турк улсын Эгийн их сургуульд арьс, ширний технологийн чиглэлээр бакалавр, магистр, докторантаар суралцсан.  Докторын зэрэг хамгаалсан ажил маань “Нано технологийг ашиглан Ag, TiO2-аар антимикрон үйлчилгээтэй гутлын арьс ба арьсан бүтээгдэхүүн үйлвэрлэлт, бактерын мөөгөнцрийнх эсрэг нян” сэдэвтэй байсан юм. Би наномөнгө,“D” оксидыг мөнгөтэй хольж идэвхжүүлэн  20-25 нанометрийн урттай бодис гарган авч, арьсанд суулгасан. Ийм арьсаар гутал хийснээр шивэр болон  янз бүрийн бактерыг идэвхжүүлэлгүй задалдаг юм. Энэ сэдвийн патентийн эрхийг би  2010 онд эх орондоо авсан. Бүтээл маань стратегийн ач холбогдолтой тул патентаа баталгаажуулсны дараа үйлдвэрлэлд олон янзаар ашиглах боломжтой. -Энэ материал хиртдэггүй гэсэн үү? -Тод өнгийн гоёлын арьс, нэхий, машины суудлын бүрээс гэх мэт зүйлд арьс хэрэглэхэд их хиртддэг. Арьсанд ийм зүйл ашигласан тохиолдолд бохирдонгуут нь нянг нь энэ бодис задалдаг юм. Тиймээс энгийн хэрэглээнд ашиглах өргөн боломжтой. Энэ нь ялангуяа мөөгөнцөртэй хүмүүст их хэрэгтэй. Мөөгөнцөртсөн тохиолдолд үржлийг нь зогсооход их хүндрэлтэй. Тухайлбал, дэлхий дахинд 18-19 сар армийн гутлыг хүмүүс өмсөж байгаа. Нэг гутлыг байнга ингэж ашиглах нь маш их бохирдол үүсгэж, асуудлууд дагуулна. Энэ тохиолдолд миний гарган авсан бодисыг ашиглахад их тохиромжтой. -Хэд хэдэн улсын армитай бүтээгдэхүүн нийлүүлэх асуудал яригдаж байгаа гэл үү? -Үүнийг одоогоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байгаа. Турк, НАТО-гийн арми гээд хэрэглэгдэж болохоор байна. -Туркд таны энэ ажлыг ихээр дэмжиж, брэнд гаргахаар ажиллаж байсан гэсэн. Одоо энэ бүтээлээрээ эх орондоо брэнд гаргана гэж сонслоо? -Үүнийг сонирхож байгаа пүүс, компаниуд олноор гарч ирнэ. Туркд энэ бүхнийг эхлүүлж байгаад Монголдоо юу хийж болох вэ гэж бодоод ирсэн. Бохирддоггүй арьсаар Монголын брэндийг гаргана гэсэн бодолтой байгаа. Ажил эхлүүлэхийн тулд Монголынхоо түүхий эдийг сайжруулах шаардлагатай байна. Олон хүндрэл гарч байна. Тухайлбал, манай мал аж ахуйн салбар ямар бодлогоор явж байгаа, хэр эрүүл байгаа билээ. Үүний уршгаар манай гаргаж байгаа түүхий эд хамгийн доод төвшний хэрэглээг хангаж байна. Ийм түүхий эдээр дэлхийн брэнд болгох бүтээгдэхүүн гаргах талаар ярилцах боломжгүй. Манайх одоо ядаж дотоодын хэрэгцээгээ хангах шаардлагатай байна. Тухайн үйлдвэрлэл нь улс орныхоо бүтцээс их хамаарч байгаа. Тухайлбал, барууны орнууд бүгд арьс ширний үйлдвэрүүдээ зогсоож, Хятадаас 100 хувь импортлож байна. Учир нь арьсны үйлдвэр бохирдол ихтэй тул тэд ийм сонголт хийж байгаа. Миний бодлоор бид арьс, ширний үйлдвэрлэлээс гарсан хатуу болоод шингэн бохирдлоо нанотехнологи ашиглаж, багасгаж чадвал аюулгүйгээр стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Ийм технологийг дэлхий дахин түгээмэл ашиглаж байна. -Манайх одоо түүхий эдийн экспортлогч орон. Нанотехнологи  ашиглаж, эцсийн түүхий эд боловсруулснаар эдийн засгийн ямар хэмжээний ач холбогдол гарах вэ? -Монгол жилд  7.5 сая арьс түүхийгээр гаргаж байгаа. Манайх малаа эрүүлжүүлбэл энэ хэмжээний арьсыг 1-2 үйлдвэр л боловсруулахад хангалттай. Бид байгаа зүйлээ сайжруулж эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Түүнээс бид түүхий эдээ гаднаас оруулж ирж, бүтээгдэхүүн гаргах гээгүй шүү дээ. Манай арьсны ширхэлэг бүтэц сайн тул социализмын үеийнх шиг бусад улс орны хэрэгцээг хангах боломжтой. -Тантай ярилцсаных манай уншигчдад жинхэнэ арьсыг хуурамчаас нь хэрхэн ялгах болон тэдгээрийг арчлах талаар зөвөлгөө өгөөч гэж хүсье? -Хөнгөн үйлдвэрийн технологи маш сайн хөгжсөн тул одоо ялгахад маш хэцүү болсон. Хүн өөрийн мэдрэмжээр, үнэрээр нь ялгах боломжтой. Мэдээж жинхэнэ арьс хэрэглэх нь амьд зүйлийн гадаргуун дээр байсан эд тул биеийн хэлбэрт зохицож, агаар нэвтрүүлэх, дулаан хадгалах чадвар сайтай, эрүүл мэндэд тустай. Харин хиймэл арьсыг хаанаас юу оруулсан нь мэдэгдэхүй бохирдлуудыг ашиглаж, дагтаршуулж гаргадаг тул их эрсдэлтэй. Иргэнээ боддог улс орнууд үүн дээр маш том хяналт тавьдаг. Ийм зүйлд Хятад гэх мэт орон хэрэглэхийг хориглосон бодис ашиглаж, хиймэл арьс үйлдвэрлэж байгаа. Гэтэл үүнийг монголчууд маш их хэрэглэж байна. Хятадууд өнөөдөр хавдар үүсгэх бодис ашиглаж байгаа. Тиймээс Европын орнууд хятадаас энэ төрлийн бүтээгдэхүүн авахдаа хил дээрээ бүх эд зүйлсийг тестлэж авч байна. Шаардлага хангахгүй бол буцаалгүй, шууд устгалд оруулдаг. Гэтэл манай улс ямар ч шаардлага тавихгүй байгаа. Үүнээс үүдэн бид тав, зургаа дахь технологийн муугийн муугийн муу зүйлсийг хэрэглэж байна. Монголчууд биений эсэргүүцэл сайтай, байгалийн зохицол сайтай учир явж байгаа. Өнөөдөр манайхны хэрэглэж байгаа зүйлсийг хөгжилтэй улсуудын аль нь ч хэрэглэхгүй, хилээр нь ч давж чадахгүй. Тиймээс бидэнд зайлшгүй дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангах шаардлага байна. -Нано технологи гэж яг юуг нэрлээд байгааг энгийн үгээр уншигчдад маань тайлбарлаж өгөөч? -Нано технологи 2000 оноос хойш дэлхий дахинд хүчээ авсан. Тэргүүлэгч хөгжилтэй улсууд нанотехнологийг төрийн бодлогодоо оролцуулж байна. Гэтэл манайх шинжлэх ухаан, боловсролын тал дээр анхаарсан зүйл алга. Аливаа зүйлийг бодис, молекулаас доош атомын төвшинд авч үзэхэд их ялгаатай онцлогыг үзүүлдэг. Нэг нанометрт 2-3 ширхэг атом, 100-1000 нанометрээс бодис үүсдэг. Сүүлийн үеийн ажиллагаагаар нано хэмжээгээр атомуудыг удирдах технологи гарч ирж байна. Зарим аппаратны тусламжтайгаар мэдрэмжтэй бээлий, микроскопоор генетик судалсан тохиолдолд бүх зүйлийг үйлдвэрлэл рүү оруулж болж байна. Өөрөөр хэлбэл, ширээг атомын бүтцээр нь дахин үйлдвэрлэж болох боломжтой боллоо. Миний гаргаж авсан бодис л гэхэд энд тэнд микроп, нян орчинд нь байвал бүтцийг нь задалж, устгадаг. Энэ бодис маань гэрэлд сэргээгддэг. Энэ бодис үеэ элээхгүй, эзэн нь элэгдэх хэмжээний болон хөгжиж байна. -Технологийн энэ хөгжил сүүлийн үед айдас дагуулж байх шиг байна? -Өнөөдөр хятадын нэг аюултай эрдэмтэн дэлхий дахинд зарлагдсан. Энэ хүн генектикээр ажилладаг. Хятадын энэ эрдэмтэн хүнээс цусыг нь аваад генетикийнх нь хувьд судлаад нэг бодис гаргаж авчээ. Энэ бодисоо цацахад хүний биеийн эд эсүүд шууд нуран унадаг. Энэ мэтчилэнгээр нанотехнологийн хөгжил сүүлийн үед арми руу орж байна.  Үүнийг хүмүүс сайнаар ч, муугаар ч ашиглаж болно. Гэтэл өнөөдөр Монголд зарим нэг электрон барааг эс тооцвол нанотехнологийн бүтээгдэхүүн орж ирээгүй байна. Дэлхий дахинд асар хүчтэй дэлгэрч байгаа энэ технологийн дэвшлээс монголчууд маань ингэж хоцорч байгаад харамсаж байна. С.Энхзаяа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ