
УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, урьдчилсан дүнгээ гаргалаа. Санал хураалт дууссан 28-ны шөнөөс эхлэн улс төрийн намуудын сонгуулийн төв штабаас өөрсдийн амжилтаа дөвийлгөсөн мэдээлэл цацаж эхэлсэн боловч, СЕХ-ноос 30-ны өдөр 12.00 цагт урьдчилсан дүнг танилцуулснаар иргэд сонгогчид илүү бодит мэдээг хүлээн авсан юм.
Энэ удаагийн сонгуулийг холимог системээр явуулсан учраас УИХ-ын сонгуулийн 26 тойрогт 48 мандатын төлөө 11 нам, хоёр эвсэл 513 нэр дэвшигчээ сойсон билээ. Тэдэн дээр 31 хүн бие дааж нэр дэвшсэн. Ингээд нийт 544 нэр дэвшигч өрсөлджээ.
Сонгуулийн санал хураалтыг автомат машинаар тоолсны эцэст АН 399194 саналаар сонгогчдын 35,32 хувь, МАН 353839 саналаар 31,31 хувь, “Шударга ёс” эвсэл 252077 саналаар 22,31 хувь, ИЗНН 62310 саналаар 5,51 хувь, “Гурав дахь хүчин” эвсэл 16 653 саналаар 1,47 хувийн санал авч, айргийн тавд жагссан байна. 26 тойрогт ялсан мандатын тоогоор УИХ-д АН 22, МАН 18, МАХН-МҮАН-ын эвсэл дөрвөн суудалтай болж, Дархан-Уул, Хөвсгөл, Дорнодод бие даагч С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун гурав эрхэм гишүүнээр сонгогдох болзлыг хангажээ. Харин Сонгуулийн хуулийн 38.4-т сонгогчдын 28-аас дээш хувийн саналаар УИХ-д сонгогдох эрхтэй болох заалт зарим нэр дэвшигчид чөдөр болсон тул нийслэлийн Баянзүрх дүүрэгт МАН-ын нэр дэвшигч Б.Батзориг, Сонгинохайрханд АН-ын Л.Эрхэмбаяр хоёр 24,66-26,09 хувийн санал авсан учраас дээрх босгыг давж чадсангүй. Тэд дахин зодоглох бололтой.
Холимог сонголтын онцлог буюу давуу тал бол намууд сонгогчдоос шууд авсан саналын тоогоор парламентын тогооноос хувь хүртэх явдал. Энэ утгаараа УИХ-ын танхимын үлдсэн 28 суудлыг намуудад хуваарилбал АН 10, МАН ес, МАХН-МҮАН-ын эвсэл долоо, ИЗНН дөрвөн суудал эзлэх болж байна. Бага санал авсан намуудын хувийг таван процентоор тэнцүүлж, босго давсан намуудад хуваарилах хуулийн заалт нь нэг талаар сонгогчдын эрх ашгийг хөсөрдүүлсэн хэрэг хэмээн иргэн Д.Ламжав үзэж байна.
Олзуурхууштай зүйл гэвэл УИХ өмнөхөөсөө харьцангуй чамбайрсан явдал. Эмэгтэйчүүд ч түлхүү орж ирлээ.Ц.Оюунгэрэл, С.Одонтуяа, жагсаалтаар орж ирэх Р.Бурмаа нар бол гурав дараалан сонгогдсон Д.Арвин мэтийн дэргэд боловсролтой, юм үзэж нүд тайлсан бүсгүйчүүд. Хуульч Ж.Батзандан, Л.Цог нарын эрхмүүд парламентын танхимд эрүүл саруул салхи оруулах болов уу.
Энэ удаагийн сонгуульд АН, МАН байраа сольсноос бус 2008 оны сонгуулийн үр дүнг санагдуулж байна. Өөрөөр хэлбэл, нэмэгдэхүүний байр солигдсоноос бус нийлбэрийн дүн өөрчлөгдсөнгүй. Ард түмэн АН-д дангаараа засгийн эрх барих итгэл хүлээлгээгүй нь мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх адармаатай албыг үүрүүлэв. АН-ын ялалт бол өнгөрсөн дөрвөн жилийн үр шим, ирээдүйн итгэл найдвар гэхээсээ илүүтэй сонгогч олон “лам олдохгүй бол буцахдаа залсан” хэрэг билээ.
АН-ын дарга Н.Алтанхуяг дөрвөн жилийн өмнө С.Баярын үгэнд орж, хамтсарсан Засгийн газарт том толгойлон орж, дэр нэгтгэсэн бол энэ удаа санаа байвч сачий нь хүрэхгүй.Түүнийг дээрээс нь Ерөнхийлөгч, дэргэдээс нь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл шахамдуулж байна. Даргаараа түрий барьдаг юмаа гэхэд Х.Баттулгын МоАХ, З.Энхболдын Ардчилсан хүчний холбоо фракцийнхан сэнтийгээс нь хөнгөхөн сэгсэрч чадна. Тэгээд ч үхрийн бөөр шиг парламентын танхимд юуны түрүүнд амь амиа л бодно. Өнгөц харахад намын эрх ашиг гэж ярьдаг ч цаагуураа амиа хоохойлдог нь АН, МАН хоёрын нэр дэвшүүлсэн байдлаас тодорхой анзаарагддаг. Намдаа шоовдорлогдсон зарим хүн яаж цахиур хагалсан, өнгө мөнгөний хүүдийнүүд өвдөг хэрхэн шроодсоныг харж байгаа биз дээ.Тухайлбал, эрхэм гишүүн Ц.Даваасүрэн МАН-аас хөөгдөөд Хөвсгөлд бор зүрхээрээ яллаа. МАН-ын Удирдах зөвлөл Ш.Адьшааг илт шоовдорлож, Ховдод бие даахаас аргагүй байдалд оруулан араас нь хэрээс хэтэрсэн гүжир гүтгэлэг явуулсаар нэг суудлаа МАХН-МҮАН-ын эвсэлд алдсан нь хор найруулсны хар гай. Одоо ч Ховдын ард түмэн итгэл үнэмшлийнхээ төлөө өгсөн санал нь ийнхүү үнэгүйдсэнд гайхаж байна. Том намууд Сонгуулийн тухай хуульд бие даагчдад тун бага боломж олгосон шигээ сурталчилгааны явцад, санал хураалтын үеэр яаж бүүрэлхүү аашилдгийн тод жишээ бол Ховдын тойрог.
Иймээс засгийн эрхийн асуудлын наана ханцуйны наймаа явагдана. Ерөнхий сайдын суудлаас илүүтэй Хууль зүй, дотоод хэргийн сайдын сэнтий зарим хүнийг бүтэн нойртой хонуулахгүй байж магадгүй. Яагаад гэвэл авлигад орооцолдсон, албан тушаалаа урвуулан ашигласан хэргүүд нь УИХ-ын гишүүний халдашгүй байдлаар хуяглагдаж байсан болохоор гэнэт нүцгэрэхээр жихүүцэх нь лавтай. Ийм хуяг дуулга нөмрөхийг хүсч байсан өнгө мөнгөний хүүдийнүүд ч нэр дэвшигчдийн нэгээхэн хэсгийг эзэлж байсан гэдгийг үгүйсгэхийн аргагүй. Ямар ч намын том дарга нараас илүүтэй ХЗДХ-ийн сайдын суудлын тухай шивнээ Увсын Ц.Нямдорж, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гурвын дунд явагдахгүй гэхийн газаргүй. Онц байдлын улсын комиссын дарга асан Ц.Мөнх-Оргил, Оюутолгойн гэрээг үзэглэсэн Д.Зоригт, Тавантолгойг тарамдуулсан эрх мэдэлтнүүд гээд үнэнийг ил гаргах цөөнгүй хүн бий.
Сонгууль заримд нь илүү боломж олгож байна. МАХН-ыг МАН болгосон У.Хүрэлсүх сонгуульд ялагдвал бүх хариуцлагыг хүлээнэ гэсэн шигээ генсекээс хөнгөхөн мултарч, жагсаалтын 28-ын гуравт бичигдсэнээр УИХ-ын гишүүн болно. Түүний хувьд сохорсон биш завшив гэгч болох буй заа. Н.Энхбаяр шиг тив болгонд орд харштай, С.Баяр шиг чемодан дээрээ суусан олон том дарга зүүн дээр суучихсан юм шиг өндөлзөж эхлэв. Сонгуулийн үеэр иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хаасан шиг томчуудын гадагшлах хөдөлгөөнийг түр хумьж болохгүй л дээ. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа, хуулийн өмнө тэгш эрхтэй иргэд юм чинь.
Ноосоо тушаачихлаа, намынхаа батлахыг өгчихлөө, эхнэрээ буцаачихлаа. Ажил сайхан бүтэж байна даа гэдэг шиг сонгуулиа хийчихлээ. Төр түших түшээдээ сонгочихлоо, тааруухан заримынх нь шилний хонхорхойг харчихлаа. Одоо Е паспортгүй юм шиг зөвхөн Монголдоо хүн шиг амьдарна даа. Нийгэмд шударга ёс тогтоож, олуулаа хөгжье.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ