Европын холбоо Ираны газрын тосны эсрэг хоригоо эхлүүллээ

img

Европын Холбооноос Ираны газрын тосны эсрэг тавьсан хориг өчигдрөөс үйлчилж эхэллээ. АНУ болон бусад барууны орнууд Ираны эдийн засагт цохилт өгөх арга хэмжээг аваад эхэлсэн юм. АНУ Ираны түүхий нефтийн импортыг өнгөрсөн жил 2,5 сая баррель байсныг энэ жил 1,2-1,8 баррель болгож багасгасан байна. Харин Иран улс Европын Холбооны энэхүү хориг арга хэмжээг “хулчгар” хэмээн нэрийдэж импорт, болон хөрвөх валютаа нөөцөлсөн гэдгээ мэдэгдсэн юм. Ерөнхий сайд Мохаммада-Реза Рахими ард иргэддээ газрын тос болон банкны секторын хориг арга хэмжээнээс ирэх дарамтыг багасгах үүднээс өдөр тутмын хэрэглээний барааг нөөцөлсөн гэдгийг хэллээ. Мөн Төв банкны захирал Махмуд Бахмани “Mehr” мэдээний агентлагт хэлэхдээ Иранд уг хоригийг даван гарах төлөвлөгөө байгаа ба өөрийн дотоодын хэрэгцээгээ хангах хангалттай хэмжээний хөрвөх валют бий гэнэ. Харин ард иргэд энэ хоригийг хоёр янзаар хүлээн авч байна. Зарим иргэд энэ нь үнийн өсөлтөд хүргэж, ард түмнийг бухимдуулна гэж үзэж байгаа бол зарим нь энэ явдал Ираныг илүү дотоодын үйлдвэрлэлдээ төвлөрсөн болгоно гэж үзэж байгаа юм. Гэхдээ импортын материал болон техник хэрэгсэлд төвлөрөн үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгчдэд санкц хүндээр нөлөөлөх нь дамжиггүй. АНУ болон Европын Холбооны эдгээр арга хэмжээнүүд Ираны цөмийн хөтөлбөрт нөлөөлөх зорилготой билээ. Барууны орнууд Ираныг цөмийн зэвсэг хийж байна гэж сэжиглэж байгаа бол Иран үүнийг эсэргүүцэн,  цөмийн хөтөлбөр нь эрчим хүч болон хавдрын эмчилгээ гэх мэт энхтайвны зорилготой хэмээж байгаа юм. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ