
2012 оны УИХ болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль өндөрлөж, ирэх дөрвөн жилд ард түмнээ төлөөлөн төрийн эрх барих дээд байгууллагад суух хүмүүсийн нэрс тодорлоо.
Ард түмнийхээ сонголтоор тангараг өргөн, УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардан авахаар зэхэж байгаа сонгуулийн 26 тойрогт ялалт байгуулсан хүмүүсийг Шууд.мн сайт цувралаар танилцуулж байна.
Архангай аймаг

УИХ-ын I тойрог буюу Архангай аймагт Ардчилсан нам энэ удаад ялалт байгуулж, арын хангайчууд тус намын нэр дэвшигч Н.Батбаяр, Б.Болор нарт итгэл хүлээлгэсэн. Н.Батбаярын хувьд 2004, 2008, 2012 оны парламентад сонгогдож байгаа эрхэм юм.
Москвагийн эдийн засаг статистикийн дээд сургуулийг төгсч “Комплекс импорт” хангамжийн нэгдэлд ажиллаж хөдөлмөрийн гараагаа эхэлсэн түүнийг олон нийт “Фортуна” группээр нь овоглодог. Н.Батбаяр 1992 онд Монголын Үндэсний Дэвшлийн намаас Ардын Их Хуралд сонгогдож, АИХ-ын орлогч даргаар ажиллаж байсан юм.
Тэрбээр өнгөрсөн хугацаанд Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны гишүүнийхээ хувьд эдийн засгийн бодлого, татварын тогтолцоо, нэгдсэн төсөвтэй холбогдолтой хуулиудыг УИХ-д өргөн барьж, шийдвэрлүүлжээ.

Харин Гадаад харилцааны дэд сайд асан Б.Болорыг хүмүүс гурван үеийн сайд гэдгээр нь андахгүй.
Түүний өвөө Сэд-Очир Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны орлогч сайд, Ой модны аж үйлдвэрийн яамны орлогчоор ажиллаж байсан нэгэн. Харин аав С.Баярбаатар нь Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан.Үүний зэрэгцээ тэрбээр 2008 онд Хамтарсан Засгийн газар байгуулагдахад 30 настай буюу хамгийн залуу сайдаар тодорч байв.
Бельги улсад боловсрол эзэмшсэн түүнд АН-ын удирдлагууд АЗХ-г удирдах итгэл хүлээлгээд байгаа. Б.Болор Гадаад харилцааны дэд сайдаар ажиллах хугацаандаа ҮАБЗ-ийн ажлын албаны дарга асан Б.Хурцыг Англи улсаас эх оронд нь авч ирэхэд гол үүрэг гүйцэтгэсэн хэмээн яригддаг.
Баян-Өлгий аймаг

Олон ястны өлгий болсон Баян-Өлгийчүүд энэ удаа Х.Жекей, А.Бакей нарыг төрийн эрх барих дээд байгууллагад сонгосон. Х.Жекей Хилийн цэргийн салааны захирагчаас бригадын генерал хүртлээ өссөн цэргийн хүн.
Тэрбээр 1983 оноос хилийн 0130 дугаар ангид салааны захирагчаас ажлын гараагаа эхэлж, 2008 онд Хилийн цэргийн ерөнхий газрын дэд даргын алба хашиж байсан юм.
Х.Жекей энэ хугацаанд АНУ, ХБНГУ-д улс төр судлал, ОХУ-ын Хилийн албаны академид хил хамгаалалтын асуудлаар мэргэжил дээшлүүлсний зэрэгцээ 2004 онд цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан. Тэрбээр 2004, 2008 онд Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон билээ.

А.Бакейгийн хувьд 1959 онд Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн.
Эдийн засгийн ухааны доктор тэрбээр 1984 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйд дагалдан эдийн засагчаар ажлын гараагаа эхэлсэн түүхтэй.
2006-2007 онд УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байсан. Энэ удаагийн сонгуульд АН-аас дахин төрөлх нутагтаа нэр дэвшин ялалт байгуулснаар хоёр дахь удаагаа парламентын танхимд сууж байгаа юм.
Баянхонгор аймаг

УИХ-ын III тойрог буюу баянхонгорчуудын 2012 оны номер нэг сонголт УИХ-ын гишүүн Х.Баттулга байлаа. Хонгор нутгаас дархлагдсан төрийн түшээ болох тэрбээр олон жил самбо бөхөөр хичээллэж, Монголын нэрийг өргөж явсан нэгэн юм.
Монгол Улсын гавьяат тамирчин, самбо бөхийн дэлхийн аварга, мөн манай нэртэй бизнесменүүдийн тоонд ордог.
Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа чамгүй олон ажлыг амжуулсан хэмээн иргэд ам сайтай байдаг билээ.

Д.Ганбатын хувьд ЗХУ-ын Киев хотод цэргийн инженерийн сургуулийг инженер, механикчаар, 2000 онд МУИС-ийн хууль зүйн сургуульд хуульч мэргэжил тус тус эзэмшжээ.
Д.Ганбатыг хүмүүс Техник импорт компаниар нь овоглодог билээ. Эдийн засаг, хуулийн талын чамгүй мэдлэгтэй гэгддэг түүнийг энэ удаа Баянхонгорчууд төрийн эрх барих дээд байгууллагад сонгожээ.
Булган аймаг

УИХ-ын IV тойргийнхны сонголт энэ удаа БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр байлаа. ОХУ, Энэтхэг улсад боловсрол эзэмшсэн түүнийг МАН-д багагүй нөлөөтэй нэгэн гэдгийг хүмүүс андахгүй. Ё.Отгонбаярын хувьд улс төрд ороод багагүй хугацааг өнгөрөөсөн ч энэ жил анх удаа УИХ-д нэр дэвшиж байна. Ё.Отгонбаяр сайд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Монголд Кембрижийн стандартыг нэвтрүүлэх зорилго тавин ажиллаж байгаа билээ.
Говь-Алтай аймаг

УИХ-ын V тойргийн сонгуулийн үр дүн энэ жил харьцангуй сүүлд зарлагдсан. Нэг мандаттай энэ тойрогт ялалт байгуулсан ЗТБХБ-ын сайд Ц.Дашдоржийн хувьд ийн УИХ-ын гишүүнээр хоёр дахь удаа сонгогдож байгаа юм.
“Газрын тос” ХХК-д өрөмдлөгийн инженерээс хөдөлмөрийн гараагаа эхэлсэн тэрбээр “Их тэмүүлэл” ХХК-ийн ерөнхий захирал, 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашиж байгаад 2008 онд Говь-Алтай аймгаас Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
Тэрбээр УИХ дахь Монгол-Европын парламентын бүлгийн дарга, Монгол-Японы парламентын бүлгийн дэд даргаар ажилладаг юм.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ