
Бидний сайн мэдэх “iPad” таблетын нэрийг анх хятадын компьютерийн дэлгэц болон электрон бараа үйлдвэрлэгч “Proview” хэмээх компани 2000 онд хятадын зах зээлд худалдаалах эрхийг аван бүртгүүлж байжээ. Харин уг нэрийг дэлхий даяар худалдаалах эрхийг 2009 онд Apple авсан байна.
Үүнээс болоод хоёр компанийн хооронд маргаан үүсээд байжээ. Proview компани энэхүү явдлаас болж 1,6 тэрбум ам.долларыг Apple-аас нэхсэн юм.
Хэдийгээр Apple уг нэрийг Proview компанийн Тайван дахь салбараас 55 мянган ам.доллараар худалдан авч байсан ч, энэ нь хятадын зах зээлд борлуулах эрхийг худалдан авсан хэрэг биш гэж Proview үзэж байв.
Хятад нь Apple-ийн бүтээгдэхүүний хувьд маш хурдацтай томорч буй зах зээл юм. Ингээд хятадын зарим хэсгүүдэд iPad-ийг борлуулахыг хориглоод байсан юм.
Маргааны хүрээнд Proview компани iPad-ийн худалдааг Шанхайд хориглуулах санал тавьсан ч шүүхээс үүнийг зөвшөөрөөгүй билээ.
Хоёр компанийн маргаан шийдвэрлэгдэж, Apple 60 сая ам.долларыг Proview компанид өгөхөөр болжээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ