
Хөвсгөл аймгийн “Sky“ телевизийн захирал Б.Ганзориг УИХ-ын сонгуулийн санал хураалт дууссаны дараа нэр дэвшигч Б.Мөнхбаатарыг өвдөг шороодсонд ажилтнуудаа буруутган зэрлэгээр зодсон байна. Согтуу захирал Б.Ганзориг дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэйн хамт телевизийн өрөөнд орж ирээд сурвалжлагч, зураглаач залуус руу эрэгтэй, эмэгтэй гэж ялгалгүй агсарч, улмаар тархи, бөөрөнд нь хүнд гэмтэл учруулан шарх сорви гартал нь балбажээ. Түүнийг нэгэн бүсгүй илэрхий өөгшүүлж байх нь камерын дуранд булзахын аргагүй буусан нь бүлэг хэрэг бүр хүндрэхийн дохио буюу.
Эх сурвалжийн мэдээллээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга асан Б.Мөнхбаатарын санхүүжүүлдэгуг телевизийн удирдлага ажилтнуудаа зодсоноо МАН-ын нэр дэвшигчийн өрсөлдөгч улстөрчдийн талаар мэдээлэл цацсан хэмээн шалтаглажээ. Мэдээллийг тэгш хүргэх сэтгүүлчийн ёс зүйн хүрээнд ажилласан хэвлэл мэдээллийн ажилтнуудын эрх чөлөөнд ажлын байран дээр нь балмадаар халдаж, сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, албан тушаалаа ашиглаж бусдыг илт дарамталсан, өнгө мөнгөнд дулдуйдаж бусдыг үл хүндэтгэсэн энэ бүлэг этгээдийн хэрээс хэтэрсэн ааш авирыг Монгол даяар харлаа.
Хэдийгээр цагдаагийн байгууллагад уг хэрэг бүртгэгдсэн ч сэтгүүлчдийн хууль ёсны эрхэнд халдсан Б.Ганзориг нарыг цагдан хорилгүй суллаж явуулсан байна. Гэтэл танхай этгээдэд зодуулсан хохирогчдын гэмтлийн зэрэглэлийг тогтооход тархины яс нь цуурсан, биедээ ил шарх сорвитой, бөөрөндөө гэмтэл авсан гэсэн онош тавигджээ. Зарим нь бүр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Дээрх хэргийг үйлдсэн этгээдэд орон нутгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн хоёрт зааснаар догшин авирлаж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж зодсон үндэслэлээр хавтаст хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэсэн бол Эрүүгийн хуулийн 139дүгээр зүйл буюу өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулсан гэдгээр давхар буруутгаж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн хоёрт зааснаар бусдын бие махбодид гэмтэл учруулж ,удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүй алдагдуулсан, санаатай гэмтэл учруулсан гэж үзэн сэжигтнээр тооцон шалгаж эхлэв.
Г.Хурц
СЭТГЭГДЭЛ БИЧИХ