"Лондон цамхаг"-т Оюутолгойн алт хадгалагдлаа

img

Өчигдөр буюу даваа гаригт Лондонгийн олимпийн наадмын зохион байгуулагчид тэмцээний алт, мөнгө, хүрэл медалиудаа “Лондон цамхаг”-т хадгалуулахаар аваачлаа. Медалийн түүхий эдийг хангаж байгаа Рио Тинтогийн захирал Жан дү Плесси нийт ирэх 4700 медалийн түрүүчийг ёслолын байдалтай хүргэж өгчээ. Тэрээр хоёр алтан медалийг Лондонгийн Олимпийн Зохицуулах Хорооны Дарга Себастиан Коед гардуулан өгсөн юм. Лондонгийн цамхаг нь 600 жилийн тэртээгээс титэм, үнэт эдлэл зэрэг үнэтэй зүйлсийг хадгалдаг, Лондонгийн хамгийн аюулгүй хадгалах газар юм. Рио Тинто компани нийт найман тонн алт, мөнгө болон зэсийн түүхий эдийг гаргаж байгаа ба, компанийн салбарууд болох АНУ-ын Солт Лейк хотын Кеннекотт Юта Зэсийн уурхай, мөн Монголын Оюу Толгойгоос үндсэн медаль хийх түүхий эдээр хангаж байгаа аж. Гэхдээ Олимпийн наадмын спонсоруудын нэг болох Рио Тинтог дагасан шүүмжлэл ч тасрахгүй байна. Учир нь байгаль орчинд учруулсан хохирлыг нь тооцон үзвэл тэд яавч Олимпийн наадамд спонсороор оролцох ёсгүй гэнэ. Харин Дү Плесси энэ талаар “Бид үргэлж өндөр стандарт тавин ажилласаар ирсэн. Мэдээж хүн бүхнээс талархал хүлээж чадахгүй байх. Гэхдээ би өөрсдийн хийж буй ажлаараа бахархдаг” гэсэн юм. Ингээд наадам эхэлтэл 26 хоногийн турш медалиуд цамхагт хадгалагдана. Хамгийн анхны шагналыг долдугаар сарын 28-нд эмэгтэйчүүдийн буудлагын төрөлд гардуулах бөгөөд дахиад 804 шагнал гардуулах ёслол болох ажээ. Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ