
Улсын баатар Э.Бат-Үүлийн командалсан АН-ын арми орон нутгийн сонгуулиар Улаанбаатарыг эзэллээ. Тэд МАН-ын 90 жилийн ноёрхлыг түлхэн унагаж, НИТХ-ын 45 суудлын 26-г авав. Сонгуулийн утаа замхраагүй байхад шинэ засаглалд дулдуйдсан хотын оршин суугчид Яармагийн дэнжид газрын төлөө зарлаагүй дайнд мордон дор бүрнээ шав тавьж, шон зоож, газар сэндийчиж, чулуу овоолж, өөр өөрийнхөөрөө эзэмшил газар сонгон горьтог татжээ. Харамсалтай нь дархан цаазат Богд хан уулын тусгай хамгаалалтын бүс руу өнгийсөн сайн дурынхны энэ ажиллагаа хуульд нийцсэнгүй. Гэтэл ялсан хүчний “Нийслэлийн хөгжил, Нийтийн сайн сайхан” мөрийн хөтөлбөрт “Дархан цаазат Богд хан уулын экосистемийг хамгаалж, нөхөн сэргээж, Хэнтийн нурууны экосистемтэй холбогдох хүйн холбоог дэмжсэн экологийн коридор байгуулна” гэсэн байдаг.
Их хотыг эзэлсэн Улсын баатар Э.Бат-Үүлийн Хөдөлмөрийн баатар болох дараагийн төлөвлөгөө ийм байна. Түүний нийслэлийн төлөөх тулалдааны галын бэлтгэл нь “Газар” хөдөлгөөн буюу баталгаагүй алга дарам газартай гэр хорооллынхныг байлдан дагуулсан явдал байлаа. Иймээс Э.Бат-Үүл баатрын “5А” төлөвлөгөөний гол цөм нь гэр хороололд инженерийн шугам сүлжээ байгуулж, газрыг иргэдэд өмчлүүлэн хувийн тохилог орон сууц барихад оршино. Тухайлбал, 32-ын тойрогт шинээр VII хороолол барихад 596 тэрбум төгрөг шаардагдана. 9200 айлыг орон сууцанд оруулахын төлөө 8200 айлын газрыг чөлөөлөхийн оронд 15 тэрбумаар цэвэр, бохир усны шугам татаж, 35 тэрбумаар цэцэрлэг, сургууль барьж, хашааных нь газарт моргейжийн зээлээр амины сууц бариулбал хамаагүй ашигтай болох нь. Инженерийн хэвтээ шугам сүлжээ газраа үнэд оруулж, айл өрхөө тэтгэдэг бол орон сууцны босоо шугам хэдхэн компанийг цулайлгадаг гэнэ. Баатрын өнгөнд иргэд эрх мэдэлтнүүдийн далайлтаар газраасаа шахагдах бус, газрын зөвшөөрлийг оршин суугчдын саналыг харгалзан олгодог болох алтан дүрэм үйлчлэх юм байна. Тэр цагт моргейжийн зээлийн хүү зургаа биш, ердөө 2-4 болох ажээ.
Гэр хорооллын газрын үнэлэмж, орчныг сайжруулах, хотын иргэдийн соёл, хүмүүжил, ухамсрыг төлөвшүүлэх зорилгоор “Экологийн татвар”, “Газрыг дахин зохион байгуулах хууль”, “Хот төлөвлөлтийн татварын тухай”, “Хотын татварын тухай”, “Цэвэр усны нөөц газруудыг улсын тусгай хамгаалалтад авах тухай” хуультай болох юм байна.
Мөн 100 мянган айлын орон сууцны “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үе шатны ажлыг дуусгаж, 35 байршилд 80 мянгаас доошгүй орон сууц барьж ашиглалтад оруулна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын “Орон сууцны баталгаа”-ны сан байгуулах санал санаачлагыг дэмжиж хамтран ажиллана.
Гэр хороололд 8-15 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай орон нутгийн үйлчилгээний бичил төвүүдийг хөгжүүлнэ. “Зуслангийн шинэ бүс” бий болгож, мухар гудамжны түгжрэлийг арилган, түргэн тусламж, гал командын үйлчилгээг иргэдэд ойртуулсан төлөвлөлтийн коридорын систем буюу гудамж замын шинэ сүлжээтэй болж, “Шинэ гудамж” бүтээн байгуулалтыг өрнүүлэхээр төлөвлөжээ. Голын эрэг, усны сав газруудад “Ус+Ногоон байгууламж+Амьдрах орчин” зарчимд үндэслэн шинэ суурьшлын загварыг бий болгоно.
Цаашилбал ЕБ-ын сургуулийг хүрэлцээтэй болгож, 2-3 ээлжээр хичээллэх явдлыг бүрэн зогсоож, сургалтын чанарыг сайжруулна. Хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн урлагийн байгууллагыг бодлого, хөрөнгө оруулалтаар дэмжиж, хүүхэлдэйн театрыг байгуулан, олон улсын орчин үеийн стандартад нийцсэн хөрвөдөг тайз, хурал, концертын танхим бүхий 1000 үзэгчийн суудалтай соёл, урлаг, амралтын иж бүрэн цогцолбор байгуулна. Мөн эх, нялхсын эрүүл мэндэд үйлчлэх “Улаанбаатар хотын эх, нялхсын төв”-тэй болох нь ээ.
Улаанбаатарынхан ченжүүдийн гар харалгүй жилийн дөрвөн улиралд “Нөөцийн сан”-гийн мах, гурилаар хүнсээ базааж, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн “Монгол сүү”-гээр цайгаа сүлнэ.
Жижиг, дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид банкнаас барьцаа шаардахгүй зээл авахад нутгийн захиргааны байгууллага бүх талаар дэмжиж, нийслэлд “Санхүүгийн түрээсийн төв”, бүх дүүрэгт “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв” ажиллана. Харин нийгмийн халамжаас хамааралтай өрхийн тоог бууруулах “Халамжаас хамгаалалд, хамгааллаас хөдөлмөрт” хөтөлбөр хэрэгжүүлнэ. Гэхдээ ажил эрхэлдэггүй, нийгмийн халамжид хамрагддаггүй, нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж болзошгүй иргэдэд чиглэсэн “Сүүдрээс гэрэл гэгээнд” уриан дор үйл ажиллагаа явуулахаар заажээ.
Ер нь Улаанбаатар хот бүс нутгийн хэмжээний олон улсын бизнесийн төв болно. Хөшигтийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалттай хамт “Аэро сити” дагуул хотыг шинээр байгуулж, нийслэлтэй холбосон хурдны зам барина. Эрчим хүчний нэмэлт найдвартай эх үүсвэртэй болж, ДЦС-4-ийн өргөтгөл, ДЦС-5ын эхний ээлж ашиглалтад орно. “Монгол гэрийн халаалт” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Улаанбаатарт машин байтугай явган хүн замын түгжрэлд ордог урьдын явдал ул болно. Нийслэл хотод саадгүй явах автозамын сүлжээтэй болохын тулд Чингисийн өргөн чөлөөний дагуу 25,1 км урт тусгай замын автобусны BRT системийг иж бүрэн нэвтрүүлж, Энхтайваны өргөн чөлөөний дагуу 19,3 км урт метроны хэвтээ шугам барьж байгуулах ажлыг эхлүүлнэ. 2016 он гэхэд 216 км хатуу хучилттай зам шинээр барьж, 350 км автозамыг шинэчилж, хатуу хучилттай авто болон явган хүний замын сүлжээний нийт уртыг 1000 км-т хүргэнэ.
Хэн ч тоодоггүй мөртлөө хэн бүхэнд хамаатай хог ургамлын тархалт, түүнээс үүдэх өвчлөлийг багасгах зорилгоор ”Шарилжны эсрэг” нийтийн аяныг иргэдийн оролцоотой тогтмол зохион байгуулна.
Нийслэлд тулгамдаж буй асуудлыг сонсдог, хэлэлцдэг, хэрэгжилтийг иргэдэд эргэн тайлагнадаг телевизийн мэдээллийн тусгай хөтөлбөртэй болно. Хамгийн гол нь хотын оршин суугчдын эрх, үүргийг хуульчилна. Иргэдтэй нэгдсэн уулзалт хийдэг “Нийслэлийн нээлттэй засаглал” өдөрлөгийг нийслэлийн Засаг дарга гурван сар тутам, дүүргийн удирдлагууд сар тутам хийж хэвшинэ.
Улаанбаатарыг утаагүй, замын түгжрэлгүй, гэр хороололгүй, хүн амын хэт нягтралгүй болгох эл төлөвлөгөө дор хаяж зургаан жилийн хугацаанд бодитой хэрэгжих боломжтой учраас Э.Бат-Үүл хөдөлмөрийн баатар болсон ч нийслэлчүүд эдний армийг дахин сонгохоос өөр аргагүй бололтой.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ