
Саяхан урьдчилсан дүнгээр ялагч нь тодроод байсан Мексикийн ерөнхийлөгчийн сонгууль булхай орсон бололтой.
Мехико хотын нэгэн дэлгүүрийн гадаа өчигдөр хэдэн мянган хүн цугларсан байлаа.
Учир юу вэ гэвэл сонгуульд ялалт байгуулаад байгаа намаас тэдний саналыг мөнгөтэй бэлгийн картаар авсан юмсанж.
Харин амласнаасаа бага мөнгө авсан, эсвэл карт нь огт ажиллахгүй байна хэмээн бухимдсан хүмүүс олон байлаа. Нэг эмэгтэйн картанд ердөө 100 песо буюу 7.50 ам.доллар байсан гэнэ.
Мехико хотын захад ядуучуудын хороололд байрлах тус дэлгүүрийн үүдэнд цугларсан олон хүмүүсээс болж оршин суугчид нэвтэрч, худалдаа хийж чадахгүй байв.
Мексикийн сонгуулийн хуулийн дагуу тодорхой санал авах нөхцөлтэй биш бол сонгогчдод бэлэг өгөх нь гэмт хэрэгт тооцогддоггүй байна. Гэхдээ бэлгийн зардлыг мэдээлэх ёстой ба тэр нь сонгуулийн кампанит ажилд зориулахаар заасан мөнгөнөөс давах ёсгүй юм.
Иймэрхүү зөрчлийг торгох ёстой байдаг ч сонгуулийн дүнг хүчингүй болгох үндэслэл болдоггүй аж.
Ялалт байгуулсан Энрике Пенья Ньетогийн нам болох Институциональ Хувьсгалт нам сонгуулийн өмнө Консерватив Үндэсний Хөдөлгөөний намыг сонгуулийн үеэр хоол хүнс тараасан, зүүний Ардчилсан Хувьсгалт намыг кампанит ажлын санхүүжилтээ хууль бусаар авсан хэмээн буруутгаж байсан билээ. Гэхдээ аль нь ч батлагдаагүй юм.
Сонгууль болохоос өмнөх баасан гаригт Ардчилсан Хувьсгалт нам Институциональ Хувьсгалт намаас маш олон бэлгийн карт тараасныг зургаар баталгаажуулж сонгуулийн хорооныхонд гомдол мэдүүлсэн байна.
АХН-ын нэр дэвшигч Андрес Мануэль Лопес Обрадор сонгуулийн урьдчилсан дүнг хүлээн зөвшөөрөхгүй, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө лхагва гаригт гарах эцэслэсэн дүнг хүлээнэ гэлээ.
Харин сонгуулийн хорооноос ямар нэг булхай луйвар, зөрчил гаргахгүйгээр дүнг гаргахаа амласан байна. (AP)
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ