Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн MIT системийг Монголын хөрөнгийн бирж энэ сарын 2-ноос эхлэн нэвтрүүлээд байна. Шинэ системтэй холбоотойгоор тулгарч буй асуудлуудын талаар Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Цогтбаяртай ярилцлаа.
-Брокер, дилерийн компаниуд болон Монголын хөрөнгийн биржийн хооронд үл ойлголцол үүсэж, уржигдар буюу энэ сарын 2-ны өдрийн арилжаанд 100 гаруй брокероос тав нь л оролцсон гэсэн. Брокер, диллерүүд ямар учраас арилжаанд оролцсонгүй вэ?
-Монголын хөрөнгийн биржийн арилжааны системийн төлбөр тооцоо хийх процесс хоёр хоногийн өмнөөс Т+3 горимд шилжсэн. Бид сүүлийн дөрвөн сард энэ системийг туршилтаар ашигласан. Энэ хугацаанд гарсан алдаа дутагдлыг засч залруулах талаар бид өнөөдрийг хүртэл ярьж байгаа. Гэсэн ч үнэхээр шийдэж чадаагүй зарим асуудал одоог хүртэл байна. Тухайлбал, төлбөр тооцоог гүйцэтгэх банк, брокер, дилерийн компаниудын хооронд харилцагчдын хооронд дансыг ямар шугамаар нээх, үүнд үүсэх элдэв хүндрэлийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхой бус байгаа. Данс нээнэ гэсэн тогтоол гаргасан боловч төлбөр тооцоог яаж хийнэ гэдгийг огт зохицуулаагүй. Энэ нь банкинд чирэгдэлтэй бөгөөд үүнийг дагаад төлбөр тооцооны үйлчилгээний хураамж нэмэгдэхэд хүрлээ. Уг нь бид онлайн болсноор бүх юм өртөг багатай болно гэж төсөөлж байсан. Гэтэл шимтгэлийн хураамж санаж байснаас ч өндөр болох төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор харилцагч болон бусад пүүсүүдийн төлөх төлбөр нэмэгдэхээс өөр гарцаагүй байдал үүслээ.
-Хэчнээн төгрөгөөр нэмэгдэж байгаа вэ?
-Өмнө нь шимтгэлд жилдээ 2-3 сая төгрөг төлдөг байсан. Одоо 20-50 саяыг давах хэмжээнд хүрэхээр байна. Үүнээс гадна Монголын хөрөнгийн бирж, Монголын үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв, Төлбөр тооцоо гүйцэтгэх банкууд энэ хооронд төлбөр тооцоог яаж хийх вэ, харилцагчийн дансыг яаж нээх вэ гэдэг нэгдсэн ойлголт өнөөдрийг хүртэл байхгүй байна. Банкууд данс нээснээс болж харилцагч бүрээс сар бүр төлбөр авна гэж байгаа. Түүгээр зогсохгүй данс хөтөлсний шимтгэл хураамж авна, барьцаа хөрөнгө байршуулна гэсэн ойлголтууд одоог хүртэл шийдэгдээгүй. Харин уржигдар Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсны мэдээ авлаа. Гэвч үүнд барьцаа хөрөнгийн тухай тодорхой дурьдаагүй байна. Өмнө нь барьцаа хөрөнгө авна гэж ярьж байсанаа одоо авахаа больсон юм уу, яасан юм бүү мэд. Ямартаа ч уг бичгэнд төлбөр тооцооны төлбөрийг 500 төгрөгөөр тогтоосон байсан. Өөрөөр хэлбэл, харилцагчийн дансанд мөнгө орж, гарах бүрт 500 төгрөг авна гэсэн үг. Данс нээлгэх тухайд хуучин журмаараа нээнэ. Мөн барьцааны дансанд харилцагчаас мөнгө байршуулна гэж ярьж байсныг болиулж, пүүсүүдээс мөнгө байршуулахаар болжээ. Тухайн өдөр 100 сая төгрөгийн арилжаа хийлээ гэхэд түүний 30 хувь буюу 30 сая төгрөг байршуулна гэсэн үг. Энэ мөнгө брокерын пүүсээс шилжинэ. Гэтэл 100 сая төгрөгийн гүйлгээ нь харилцагчийн гүйлгээ. Харилцагч 30 хувиа байршуулах ёстой. Гэтэл харилцагчийн өмнөөс 30 сая төгрөгийг гурван хоног брокеруудыг байршуул гэж байна. Гэтэл бидний тэр мөнгө өөр зүйлд ашиглагдаж, эргэлтэд орж байх ёстой. Гэтэл энэ горимыг тогтоогоогүйгээс бидний дунд үл ойлголцол бий болсон.
-MIT системийг албан ёсоор ашигласан өдөр тавхан брокер ажиллаж, бусад нь ажил хаялт зарласан гэсэн. Тодорхой үр дүнд хүрч чадав уу?
-Яг ч тэгж хэлж болохгүй юм. Шинэ систем ашигласнаар арилжааны хэмжээг нэмэгдэж, зардал бууруулна гэсэн боловч харин ч эсрэгээрээ зардал өссөн. Бид .энэ болгоныгоо тодорхой болгож, асуудалд цогцоор нь хандъя гэсэн. Гэтэл үүнийг тодорхой болгох нь бүү хэл үүнийгээ бүрэн ойлгох ч үгүй байж, ямар ч байсан эхэлье гээд эхэлж байгаа. Эхлэхдээ гурван сарын турш 100 хувь мөнгөө байршуулаад явъя. Ямар ч байсан шинэ систем ашиглаж эхлүүлсэн гээд цан цохиод ажиллая гэж байгаа. Миний хувьд брокерын пүүсүүддээ бүгдээрээ үүнд идэвхтэй оролцоорой, гэрээ байгуулаагүй бол гэрээгээ байгуулчих, нарийн асуудлуудаа тодорхой болгочих гэж хэлж байгаа. Пүүсүүд хөрөнгийн биржтэй гэрээгээ байгуулсан, арилжаанд оролцоход бэлэн байна. Харин төлбөр тооцоо гүйцэтгэх банкуудтайгаа гэрээгээ хийж чадаагүй тул бид тэр өдрийн арилжаанд оролцож чадаагүй. Түүнээс албан ёсоор арилжаа хаясан юм биш.
-Гэрээгээ хийж чадаагүй хэчнээн брокер, дилерийн компани байгаа вэ?
-Ямартаа ч шинэ системийн анхны өдөр 78 брокер, дилерийн компани арилжаанд оролцох ёстой байсан ч тэдний тав нь л оролцсон. Үүний гурав нь банкны охин компани байсан. Тухайлбал, “Хас” банктай түншилдэг “Тэнгэр даатгал”, “Голомт” банктай түншилдэг “Голомт сикрит”, Худалдаа хөгжлийн банктай түншилдэг “TDB капитал” байсан. Мөн BDC, Пронтер хоёр арилжаанд оролцсон. Бусад нь гэрээгээ хийгээгүй байсан гэж ойлгож болно.
-Манайх Т+3 горимынхоо сонгодог зарчмаар ажиллаж чадахгүй байгаа юм байна шүү дээ?
-Чадахгүй байгаа. Яагаад гэвэл 100 хувь мөнгөө байршуул гэснээс илүү тодорхой зүйл алга.
-Энэ системийн туршилтыг багагүй хугацаанд явуулсан. Цан зохихоос өмнө асуудлуудыг шийдвэрлэж болоогүй юм уу?
-Туршилтын хугацаанд гарсан алдаануудыг ерөнхийд нь бүгдийг нь зассан. Гол нь энэ программыг цогцоороо ажиллуулж туршигдаагүй байсаар байгаад өнөөдрийг хүргэлээ. Одоо банк орж ирсэнээр цогцоороо ажиллаж боломж бүрдэж байна. Гэхдээ туршилтын хугацааны сүүл үед богинохон хугацаанд цогцоороо ажилласан. Банкин дээр бага зэрэг алдаа гарч байна гэсэн дүн гарч байсан. Алдаанууд засагдаагүй байна гэж байсан. Гэхдээ ямартаа ч өмнө нь барьцаа хөрөнгийн талаар, харилцагчийн данс нээх зэрэг асуудлыг шийдэж өгсөнгүй эхэлчихээд байна.
-Туршилтын хугацаанд гарсан алдаа одоо хүртэл засагдаагүй байгаа гэлээ. Хөрөнгийн бирж энэ байр сууриа хадгалсаар байвал цаашид шинэ системийг ашиглан, үйл ажиллагаагаа явуулах боломж хэр байх вэ?
-Энэ систем найдвартай ажиллана гэхэд итгэл сул байгаа. Яагаад гэвэл системийн өөрчлөлттэй холбоотой эрхзүйн зохицуулалт дутмаг байна. Санхүүгийн зохицуулах хорооноос тодорхой шийдвэрүүд нь нарийн гараагүй. Тиймээс бидний бэлтгэл муу байна гэж хэлэх байна.
-MIT үйлчилгээ нэвтрэхээр олон улсын хөрөнгийн биржүүдтэй бид харьцаж эхэлнэ. Үүнд манай брокер диллерүүд бэлэн үү?
-Олон улсын санхүүгийн зах зээл рүү орж, холбогдон ажиллахад системийн хувьд ч боловсон хүчний хувьд ч бэлэн бус байгаа. Магадгүй мэргэжилтнүүд мэдээлэл муугаас системээ бүрэн шалгаагүй байхыг ч үгүйсгэхгүй шүү дээ. Харин миллиниум IT системийн арилжааны программыг найдвартай ажиллана гэдэгт илтгэлтэй байна. Учир нь олон улсын хөрөнгийн биржид ажиглагдаж байгаа шүү дээ. Төлбөр тооцоо хийдэг миллиниум CST программыг харин баталгаатай ажиллаж чадна гэдгийг баталж чадахгүй. Учир нь Монголд анх удаа ашиглагдах гэж байна. Тэгэхээр онлайн болно гэдэг дор хаяж дахиад нэг жилийн дараахи асуудал. Тэр үед л олон улсын хөрөнгийн биржүүдтэй холбогдох байх.
-Брокерууд хэзээнээс ажилдаа орж, Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаа хэвийн явагдах вэ?
-MIT систем нэгэнт цан цохиод эхэлсэн учраас бүх брокер, дилерүүд арилжаандаа оролцоно. Банкуудтай сайн тохирч гэрээ хийнэ гэж бодож байгаа. Тэгээд арилжаа хэвийн явагдах байх. Харилцагчдадаа брокерын пүүсүүдэд болж байгаа асуудлуудыг аль болохоор түргэн шуурхай хүргэхийг хичээнэ. Яг одоогийн байдлаар бид өөрсдөө системээ бүрэн ойлгоогүй байж ийм, тийм гэж хэлэхэд хэцүү байна. Тиймээс хаа хаанаа хүлээцтэй байх хэрэгтэй байна гэж хэлмээр байна.
У.Жигүүр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ