
УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт дахин сонгууль явагдахаар болсон билээ. Учир нь Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигч нь нийт сонгогчийн 28-аас доошгүй хувийн санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдох босго болзлыг давах учиртай юм. Иймээс нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг буюу сонгуулийн 22, 26 дугаар тойрогт урьдчилсан дүнгээр гурав дахь мандатын захаас шүүрээд алдсан МАН-ын нэр дэвшигч Б.Батзориг, АН-ын Л.Эрхэмбаяр болон тэдний араас шил дарсан нэр дэвшигчийн хооронд сонгууль явуулахаар болж байсан.
Гэвч Л.Эрхэмбаярын сонгогчдоос авсан 26,09 хувийн санал дээр өмнө нь хүчингүйд тооцсон саналын хуудсуудыг дахин тооллогод хамруулснаар 29,5 хувийн санал авсан болох нь тогтоогдсон тул тойргийн хорооноос СЕХ-нд түүнийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох талаар өргөн мэдүүлсэн байна.
Харин Баянзүрх, Налайх дүүрэгт ирэх ням гаригт дахин сонгууль явагдах юм байна.Тус тойрог 113 мянган сонгогчтой бөгөөд гурван мандатын төлөө 28 нэр дэвшигч өрсөлдсөн учраас сонгогчдын санал нэлээд тарамджээ. Ийнхүү өмнө нь сонгуулийн сурталчилгаандаа дөрөө харшуулж явсан Б.Батзориг (24,66), Д.Арвин (24,61) хоёрын хэн нь түрүүлж, хэн нь үзүүрлэхээ дөрөв хоногийн дараа шийдэх болж таарав. Д.Арвин бол 2000 оноос парламентад тасралтгүй гурван удаа сонгогдсон туршлагатай улстөрч. Энэ жил тойргоо сольж, төрсөн буйран дээрээ ирж, олны амьдралыг огцом сайжруулна хэмээн рекламдсан, сонгуульд элдвийн мэхийг угсруулан хийхдээ гаршсан нэгэн. Харин Б.Батзориг бол дүүргийн засаг ноён учраас довон дээрээ байгаа бөх. Тэд хуульд зааснаар ямар нэгэн сурталчилгаа хийхгүй. Аль нь ч давсан МАН-ын хувьд дүндээ дүн.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ