
Францын ерөнхийлөгч асан Никола Саркозигийн гэр болон ажлын байрыг нь цагдаа нар шалгаж эхэлжээ. Түүнийг 2007 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үер хууль бус санхүүжилт авсан гэж сэжиглэж байгаа юм. Өнгөрсөн тавдугаар сарын ерөнхийлөгчийн сонгуулиар тэрээр социалист намын нэр дэвшигч Франсуа Олландад ялагдсан билээ. Ингээд түүний ерөнхийлөгчийн бүрэн эрх зургадугаар сарын 16-нд дууссанаар мөрдөн шалгагдаж эхэлжээ.
Түүнийг францын хамгийн баян эмэгтэй, “L'Oreal” компанийн өв залгамжлагч Лилиане Беттенкуртаас 150 мянган еврог 2007 оны сонгуулиар тусламж болгон бэлнээр авсан, мөн хатагтай хэдэн арван мянган еврог шилжүүлсэн гэж үзэж байгаа юм.
Францын хуулиар нэр дэвшигчийн кампанит ажлын өртөг 4600 еврогоор хязгаарлагддаг байна.
Саркози энэ бүх хэргийг няцааж, худал гүтгэлэг хэмээж байгаа юм.
Тэрээр одоогийн байдлаар гэр бүлийн хамт Канадад байгааг түүний хуульч Тьерри Герцог хэллээ.
Хатагтай Беттенкуртын хуучин нягтлан Клейр Тибу Саркозигийн кампанит ажлын нярав Ерик Воертыг мөнгөнүүдийг биечлэн цуглуулсан гэж баталж байгаа юм. Ерик Воерт аль хэдийнэ гэмт хэргийн байцаалтанд байгаа аж.
Мөн 2007 онд Саркозиг Беттенкуртын гэрт хэд хэдэн удаа зочилсныг гэрчлэх хүмүүс байгаа гэнэ.
Гэхдээ Саркози Дотоод хэргийн сайд байх үеэсээ хойш байнгын цагдаа нараар дагалдуулан явдаг байсан бөгөөд тийм уулзалт хийх ямар ч боломж байхгүй гэж хуульч Герцог хэлж байна.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ