
Тээврийн прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 217 дугаар зүйлд заасан төмөр замын хөдөлгөөний байдал болон техник ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлийг судалжээ.
Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой гэмт хэрэг жилээс жилд буурахгүй байгаа. Тухайлбал 2011 онд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн 34 хэрэгт төмөр зам дээр гарсан ослын улмаас 26 хүн нас барж, есөн хүн гэмтсэн байна. Энэ төрлийн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь ихэнхдээ явган зорчигч болон төмөр замын аюултай бүсэд нэвтрэн орсноос шалтгаалан гарч байна. Өөрөөр хэлбэл, осолд өртөгсдийн 52.9 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ осолд өртжээ.
Судалгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Төмөр замын даргад прокурорын 06 тоот мэдэгдэл бичиж, явган болон бусад зорчигчдыг төмөр замын аюултай бүсэд нэвтрэн орохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн аюулгүй байдлыг хангах үүднээс төмөр зам дээр гарц, гарамуудыг шаардлагатай газарт нэмэгдүүлж, машинист нарыг хөдөлгөөний аюулгүй байдал болон техник ашиглалтын журмыг зөрчихгүй байх тал дээр анхаарч ажиллахыг мэдэгджээ.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ