
Хүүхэд, залууст өв уламжлалаараа бахархах ухамсарыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх, дэлхийн нийтэд Монголыг сурталчлах зорилгоор жил бүр “Дээлтэй Монгол” арга хэмжээг зохион байгуулдаг билээ. Энэхүү наадам уламжлал ёсоороо энэ сарын 13-нд Сүхбаатарын талбайд болно.
Зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа уг арга хэмжээнд анх 100 гаруй хүн оролцож бол өнгөрсөн жил 10 мянган дээлтэй Монгол оролцсон нь наадамд хамрагдах иргэдийн тоо жил бүр нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.
Энэ жилийн “Дээлтэй Монгол” наадмыг нийслэлийн Засаг даргын тамгын газар, Аялал жуулчлалын газар, Соёл урлагийн газар, “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Шилмэл загвар”, “Монгол костюмс”, “Торго загвар”, “Саунд оф Монголиа”, “Монгол гэр Хужирт” зэрэг компани хамтран зохион байгуулах аж. Наадмыг зохион байгуулах ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Нэгдүгээр орлогч Б.Баатарзориг ахалж байгаа бөгөөд “Улаанбаатар хотын аялал жуулчлал-2015” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагддаг “Дээлтэй Монгол” наадам нь Монгол үндэстэн ястны хувцас, монгол гэр, гар урлал, сийлбэр, ардын урлагийн тоглолтыг гадаад, дотоодын жуулчдад сурталчилан таниулах, даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн өвөрмөц түүх, Монголын эртний соёл, нүүдэлчин ахуйтай холбоотой аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгосноороо жуулчдын сонирхлыг илүү их татах, хүүхэд, залуучуудад түүх, соёлоороо бахархаж, хайрлах сэтгэлийг төрүүлэх зорилготой хэмээн зохион байгуулагчид үзэж байна.
Наадмын үеэр ардын урлагийн тоглолт, монгол үндэсний хувцастай парад, монгол гэрийн үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны загварын тоглолт, циркийн тоглолт, үндэстэн ястны бүжиг, нийтийн цэнгээнт бүжиг, шагайн харваа болох юм. Монгол дээлээрээ бахархах, үндэсний хувцсаараа гоёсон иргэд, байгууллагуудыг хэд хэдэн номинацаар шалгаруулж шагнал гардуулна. Тухайлбал, Монгол үндэсний дээлтэй гадаадын зочдын шилдэг хос, хамгийн бяцхан оролцогч, нийтийн бүжгийн хос, хамгийн сайхан дээлтэй хос, хамт олноороо идэвхтэй оролцсон байгууллага, сайн зохион байгуулалтай, идэвхтэй оролцсон нэг дүүргийг шалгаруулах аж
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ