-- МЭДЭГДЭЛ --
Сэтгүүлчдийн эрхэнд ноцтойгоор халдаж зодож танхайрсан явдалд харамсаж байна 2012 оны УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарах үеэр буюу 2012 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн “Скай” телевизийн хөрөнгө оруулагч болох “Хөвсгөл Ньюс” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг гэгч хэсэг хүмүүсийн хамтаар тус телевизийн сэтгүүлч, зураглаачдыг хөрөнгө оруулагчдынхаа талд үйлчилсэнгүй, бусад нэр дэвшигчдийг сурталчиллаа хэмээн заналхийлж, зодож танхайрсан явдалд Орон Нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбоо харамсаж байна. Б.Ганзоригийн энэхүү балмад үйлдэл нь сэтгүүлчдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаагийн зэрэгцээ хэвлэлийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагын гол зарчим болох редакцийн хараат бус байдалд ноцтойгоор халдсан гэмт хэргийн шинж чанартай үйлдэл учраас хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр шалгаж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ гэдэгт итгэж байна. Энэ үйл явдал нь Монгол улсад хэвлэлийн эрх чөлөөний хууль эрх зүйн хангалттай орчин бүрдээгүй, нэгэнт гарсан хуулийг хэрэгжүүлдэггүй, хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага сул байгаагийн нэг нотолгоо болж байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбооны зүгээс энэ асуудалд анхаарал байнга хандуулж, сэтгүүлчдийнхээ эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай тэмцэх болно. ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХОЛБООНЫ ТЭРГҮҮН С.ШАРАВДОРЖ 2012.07.03
СЭТГЭГДЭЛ БИЧИХ