
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтоныг эх орондоо буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тохиолдуулан хоёр орны нийгэмд, эдийн засгийн салбарын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Элчин сайд Эдлтоныг “Алтан гадас” одонгоор шагнасан байна.
Шагнал гардуулсныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч хэлэхдээ “Энэ жил манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой тохиож байна. Та Монгол Улсад зургаан жил ажиллахдаа хоёр орны харилцаанд томоохон хувь нэмэр орууллаа. Мөн таны бичсэн Монгол, Америкийн харилцааны түүхийг өгүүлсэн маш сонирхолтой номыг уншсан. Таны ном хоёр улсын харилцааны судлалд өндөр үр өгөөжөө өгсөн бүтээл болсон гэж бодож байна. Таны цаашдын ажил үйлсэд өндөр амжилт хүсч гэр бүлд тань сайн сайхныг хүсэн ерөөе” гэжээ.
Харин Элчин сайд Эдлтон хэлэхдээ “Миний хувьд Монгол Улсад томилогдон ажилласандаа чин сэтгэлээсээ баяртай байгаа. Монголын түүх соёл, хөгжим, уламжлалыг би чин сэтгэлээсээ хүндэтгэдэг. Энэ жил анхны америк хүн Монгол Улсад зорчсоны 150 жилийн ой тохиож байна. Мөн энэ үеэр манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой болж байгаа нь онцгой хэрэг. Цаашид монгол оронтой сэтгэл зүрхээрээ холбоотой байх болно” гэсэн байна.
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ