
Орос, Японы хооронд 1945 оноос эхэлсэн Курилын аралтай холбоотой маргаан 21 дүгээр зууныг дамнан үргэлжилж байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн, цаашлаад шинэ аюул тулж мэдэхээр, бүр цаашлаад газар нутаг сэлгэж болзошгүй Япон Улсын тухайд эл маргааны ялагч болж чадах эсэх нь өмнөхөөсөө бүр илүү чухал болоод байна.
Хоёр жилийн өмнө 2009 оны есдүгээр сард Японы Ардчилсан намын тэргүүн Юкио Хатояма сонгуульд ялчихаад байхдаа Орос-Японы хооронд удаан жил бугшиж ирсэн эл маргааныг шийдвэрлэхээр ажиллана гэдгээ мэдэгдэж байв.
Харин мөн оны тавдугаар сард Японы Ерөнхий сайд Таро Асо Курилын арлыг Японых гэдгийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг ОХУ-аас шаардсан. Зургадугаар сард нь тус улсын парламент Курилын арлуудыг өөрсдийн нутаг гэдгийг хуульчилж байсан. Тэрчлэн өнөөдрийг хүрэхэд эл маргаан хүчинтэй хэвээрээ.
Түүгээр зогсохгүй энэ өдрүүдэд Москва Курилийн арлуудыг өөрийн улсын нутаг дэвсгэр байсан, цаашид ч байх болно гэсэн байр сууриа илэрхийлчихлээ. Гадаад харилцааны сайд Сергей Лавров ийн мэдэгдээд байна. Гэхдээ тэрбээр “арлын эзэн” Япон улстай тааламжтай харилцаатай байхыг эрхэмлэж буйгаа умартаагүй бөгөөд гуравдугаар сарын 11-ны өдөр тус улсад тохиосон байгалийн гамшигийн улмаас ихээхэн хэмжээгээр нийлүүлээд байгаа түүхий нефть, нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтээ ч илүү нэмэгдүүлэхэд бэлэн байна гэжээ.
Тэгэхээр ОХУ-ын сайдын мэдэгдэл нэг талаас хатуу байр сууриа илэрхийлэхийн сацуу, эрчим хүчний эх үүсвэрийн гачаалд байгаа Японы сул тал дээр дөрөөлсөн мэдэгдэл гэж харагдахаар байгаа билээ.
Мэдээж Япон Улс эл мэдэгдлийн эсрэг байр сууриа хэрхэн илэрхийлэх бол гэдэг нь анхаарал татна. Токиогийн хувьд тааламжтай хариуг өгөхгүй болов уу гэж ажиглагчид үзэж байгаа.
Маргааныг шийдвэрлэхийн тулд сүүлийн үед үйл явдал хэрхэн өрнөсөн бэ гэдгийг харахаар ажиглагчдын байр суурь батлагдах магадлал өндөр юм.
ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев өнгөрөгч 2010 оны арваннэгдүгээр сард Курилын арал дээр ажлын айлчлал хийсэн нь Япон Улсад таалагдаагүй, эрх баригчдыг нь бухимдуулсан явдал болж байв. Тус улсын Ерөнхий сайд асан Наото Кан ОХУ-ын Ерөнхийлөгчийг ийм алхам хийсэнд харамсаж байгаагаа илэрхийлсэн бол парламент нь, мөн улс төрийн намууд нь тайлбар шаардаж байсан.
Харин ОХУ байр сууриа илэрхийлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведев төрийн тэргүүний хувиар өөрийн улсын газар нутаг дээрээ очсон байхад ийм зүйлийг Японы талаас дуугарах нь зохимжгүй гэж байв.
Мөн энэ оны хоёрдугаар сард “Курилын арлын төлөөх Япончуудын байр суурь ОХУ, Япон улсуудын харилцааг л хурцатгана. Энэ цаг үед газар нутгийн төлөөх маргалдааныг лавшруулалгүй орхих нь зөв шийдвэр болно... Эл маргааныг шийдвэрлэх цаг хугацаа одоо биш дараа. Тодорхой хэлбэл дараа дараачийн үеийн улстөрчид үүнийг шийдвэрлэж дөнгөнө...” гэсэн агуулга бүхий байр суурийг ОХУ-ын Олон улсын эрх зүйн оросын холбооноос гарсан.
Харин тавдугаар сард ОХУ-ын төр засгийн албаны эрхмүүд Курилын арлууд дээр очсон нь Япончуудыг дахин бухимдуулсан юм. Өнгөрөгч оны сүүлээр Япон Улсын зүгээс Оросын талд хандан Курилын арлуудад нэвтэрч болохгүй гэсэн анхааруулга өгсөөр байтал тэд үгэнд нь ордоггүй зангаараа яваад л очсон хэрэг. Тэрчлэн эхэнд өгүүлсэнчлэн ОХУ эзэн гэсэн байр сууриа илэрхийлсээр байна. Гол нь Москвагийн зүгээс Наото Каны Засгийн газар байгаа цагт Курилын арлуудтай холбоотой ямар ч хэлэлцээ амжилт олохгүй гэж үзэж буйгаа илэрхийлж байсан.
Тэгвэл түүний дараа гарч ирсэн Ерөнхий сайд Йошихито Нода ч сонгогдсоныхоо дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевтэй утсаар ярихдаа олон жил үргэлжилсэн газрын маргааны асуудлыг хөндсөн нь, Оросын эрх баригчдын эгдүүцлийг хүргэсэн талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байв. Ямартай ч, Япон Улс дайны буянаар “алдсан” газраа авахаар Оросын эрх баригчдын эгдүүцлийг үл тоосон байр суурь дээрээ хатуу зогсож байна. Хоёр улсын хооронд "дипломат" маягаар үргэлжилж ирсэн эл тэмцэл хаа хүрэх вэ гэдэг нь олон улсын анхаарлын төвд байгаа нь мэдээж.
Богема
СЭТГЭГДЭЛ БИЧИХ