
“АНУ-ын төрсний гэрчилгээ” гэдгээрээ алдартай 16-р зууны газрын зураг германд олджээ. Алдартай зураг зүйч Мартин Валдсеемюллер шинэхэн нээгдсэн Америк тивийг анх баримтжуулж, нэрлэсэн билээ. Энэ зургаа дөрөвхөн хувь үйлдсэн гэж үздэг ч Мюнхен дэх их сургуулийн судлаачид саяхан тав дахь хувилбарыг олжээ.
Газрын зургийг 19-р зууны холбогдолгүй нэгэн номны завсраас олсон байна. Мюнхен хотын Лудвиг Максимиллианы их сургуулийн хуучны номын сангийн эрхлэгч Свен Куттнер хэлэхдээ: “Энэ газрын зураг давтагдашгүй бөгөөд зургийн хоёр дахь шинэчилсэн хувилбар нь бололтой. Дахиад ийм зураг олдох шинж одоогоор алга” гэсэн байна.
Том хувилбар нь Вашингтон дахь Конгрессын номын санд байдаг. Түүнийг уг тивийг Америк гэж нэрлэсний 500 жилийн ойд зориулан Германы канцлер Ангела Меркел 2007 онд АНУ-д бэлэглэж байжээ.
16-р зууны алдартай газрын зураг бүтээгч Валдсеемюллер Атлантын далайн аяллын тэмдэглэлүүдээс авсан мэдээллээр Америкийн зургийг гаргасан гэж үздэг юм.
Тивийг бумеранг хэлбэрээр дүрсэлсэн нь одоогийн бидний мэдэх Хойд болон Өмнөд Америк гэж мэдэгдэхээргүй байна.
Валдсеемюллер тухайн үедээ шинэ эх газрыг анх нээсэн гэж үзэж байсан италийн аялагч Америго Веспуччигийн нэрээр нэрлэсэн билээ.
Ц.Мишээл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ