
Ховдын сонгогч олон УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойргийн санал хураалтын урьдчилсан дүнд итгэл үнэмшил муутай байна. Тус тойрогт бие даан нэр дэвшигч Ш.Адьшаа аль ч талаараа өнгөлж, 28-ны 20.00 цагт санал хураалт өндөрлөн автомат машинаар анхны хэсгийн хорооны дүн гарахад өрсөлдөгчдөөсөө тасархай түрүүлсэн байлаа. Ялалтын мэдээ 92 хэсгийн хорооны ихэнхээс ирсээр байсан боловч шөнийн 02-03 цагийн орчимд гэнэт тасалдаж эхэлжээ. Зарим нь бүр маргаашийн 23.00 цаг хүртэл таг чиг. Эрдэнэбүрэн сумын тооллогын дүнг бүр зориуд саатуулсан байна. Ийнхүү саналын тооллого саатсаар 16 дугаар тойргийн хорооноос урьдчилсан дүнг мэдээлэхдээ, МАН-аас нэр дэвшигч С.Бямбацогт, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Д.Батцогт хоёр магнайлж, Ш.Адьшаа сонгогчдын 32 хувийн санал авч удаалсан гэв. Энэ нь хоёр мандаттай тус тойрогт яах аргагүй олны дэмжлэгийг авч явсан Ш.Адьшаа арагшаа сугарч, сураггүй шахам Д.Батцогт урагш цойлсон нь Ховдынхны гайхшийг одоо ч төрүүлсээр байна. Сонгуулийн сурталчилгааны 21 хоногт хууль зөрчсөн зөндөө үйл явдал болжээ.
Энэ талаар Ш.Адьшаа, түүний хуулийн зөвлөх О.Батжаргал нар хэвлэлийн бага хурал дээр товч мэдээлж, зарим сэжигтэй үйлдлийг холбогдох байгууллагад удаа дараа шалгуулахыг хүссэнээ хэлсэн юм. Гэхдээ нэр дэвшигч өнгөрсөн борооны хойноос гоншгонож байгаа юм биш, цаашид иймэрхүү бусармаг явдал бүү давтагдаасай. Удахгүй орон нутгийн сонгууль, дараа нь Ерөнхийлөгчийн сонгууль болох тул сургамж авах үүднээс хуулийн дагуу нягтлан шалгуулахыг хүсч байна гэсэн юм. Үнэхээр ч энэ талаар хууль бус, жудаггүй юм бишгүй гарчээ.
1.УИХ-ын дарга бол хууль тогтоох дээд байгууллагыг удирддаг, төрийн гурван өндөрлөгийн нэг. Гэтэл эрхэм спикер МАН-ын сурталчилгаанд албаны арваад машин хүлэглэн, тусгай хамгаалалтын дор нэг муу нэр дэвшигчийн хийсэн уулзалтуудын араас мөшгөж, бие даагчийг битгий сонго хэмээн ухуулж явсан нь монгол төрийн албыг нэгэн намын эрх ашигт захируулснаас ялгаа юун билээ.
2.МАН-ын нэр дэвшигч С.Бямбацогт Удирдах зөвлөлийнхөө хурал дээр намын нөхөр Ш.Адьшааг нэр дэвшүүлэхгүй байх бүхий л арга чаргыг хийж санасандаа хүрсэн ч сурталчилгааны явцад нөгөө нэр дэвшигч Г.Нямдаваагаа гаргуунд нь хаяад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Д.Батцогтыг баз хүргэний хувьд илтэд дэмжсэн нь намынхаа ашиг сонирхлоос садангийнхаа эрх ашгийг илүүд үзэж, санасандаа хүрснийг яруу тод илтгэнэ. Энэ эрхэм ингэж намдаа нэг суудал алдаж, хадамдаа хүргэн хүүгийн хүзүү бөхийг гайхуулсан нь Ховдынхны наадам угтсан наргиан шоглоом болж гүйцэв.
3.Ардчилсан нийгэмд тагнаж чагнах нь хуулиар хориотой. Энэ ажлыг тусгай зөвшөөрлөөр гүйцэтгэх албаныхан л хийдэг. Гэтэл бие даан нэр дэвшигчийн штабт сүүлийн үеийн чагнадаг нэлээд чамбай төхөөрөмж тавьсан байсан нь нэгэн хүний эсрэг томоохон хүчээр хөдөлсний шинж буйзаа. Түүгээр ч зогсохгүй сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу зогссон 27-ны шөнө дундаас эхлэн “Үнэн мэдээ” хэмээх гүжир гүтгэлгийн хуудсыг Ховд даяар шаламгайлан тараажээ. Буух эзэн, буцах хаяггүй хоёр хуудас ар, өвөргүй гүтгэлгийн дунд “Зугатаж биш зүтгэж, Үгүйсгэж биш бүтээж” гэсэн МАН-ын уриа, “Шударга ёс”-ын Д.Батцогтыг дэмжихийг уриалсан үг өгүүлбэр байсан нь хаанаас шидсэн чулуу болохыг аяндаа хэлээд өгнө. Түүнийг тарааж явсан 15 настай хүүгийн эцэг нь МАН-ын гишүүн, эх нь Батцогтын хамаатан байжээ.
4.Сонгуулийн хэсгүүдээс санал хураалтын дүнгийн тайланг бие даан нэр дэвшигчид бичгээр өгсөнгүй. Уг нь сонгуулийн журамд алаг атаагүй өгөх ёстойг хатуу заасан байгаа. Жаргалант сумын тооллогын CD бичлэгт хүчингүй саналын хуудас 18, хүчингүй санал 22 гэж тов тодорхой баримтжуулсан ч тойргийн хорооны тайланд энэ талаар үг үсэг алга. Тэр ч байтугай тойргийн хэмжээний 394 хүчингүй саналыг 389 болгон будлиантуулсан байх юм. Дөрвөн хэсэгт сонгогчдын ирц хүрээгүй ч хайхарсангүй. Үенч суманд гэхэд зурган файлаар хадгалсан саналын тоо тайланд хавсаргаснаас 4-5-аар зөржээ. Эдгээр саналын ард нэр дэвшигчийнх биш юмаа гэхэд төдий тооны сонгогчийн эрх хөсөр хаягдаж байна. Уг нь мал тооллогоор гэхэд л таван толгой дутахад эргэж нягталдаг шүү дээ.
5.Энэ мэт олон зөрчлийг тойргийн сонгуулийн хороонд удаа дараа тавьж шалгуулахыг хүссэн ч одоо хэр авч хэлэлцсэнгүй. Харин бие даагч Ш.Адьшаагийн нэрийг татах тухай Алтанбаатар, Дүгэржав нарын гуйлтыг тус хороо зургаан удаа авч хэлэлцсэн байх юм. Ийнүү Ховдын тойргийн хорооны зарим гишүүн “Иргэнд тэгш боломж, Нийгэмд шударга ёс” гэсэн эрхэм уриаг анхнаасаа уландаа гишгэжээ.
6.Санал хураалтын өмнөхөн МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн С.Бямбацогт болохоор Ш.Адьшааг манай намын гишүүн биш гэж олны өмнө улаан цайм худал хэлж гишүүдээ алмайруулав. Тэр ч байтугай 28-нд Адьшааг баривчилж хорьсон, тэр нэрээ татсан гэсэн цуу яриаг сумдаар тараажээ.
7.Сонгуулийн ажиглагч нарт адил тэгш боломж олгосонгүй. Бие даан нэр дэвшигчийн ажиглагч бол намын ажиглагчаас хязгаарлагдмал байх юм шиг бичигдээгүй хууль Ховдод үйлчилснийг нотлох баримт ч бий.
Дахиад сонгууль болно. Тиймээс хэтийдсэн эрх ашгийг одооноос тэгшилж, монгол төрийн сонгуулийг хуулийн дагуу, ёс жудгаар нь явуулахыг Ховдын сонгууль анхааруулж байна. Төрд ирэхдээ ч, төрөөс буцахдаа ч ингэж аашилж болно гэж үү. Иймэрхүү маягаар төрд гарч болдог юм байна гэсэн жишиг тогтвол хэн хариуцах юм бэ.
Х.Аянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ