Тусгаар тогтнолын өдөр Обама цэргүүдийг хүлээн авлаа

img

Өчигдөр  АНУ-ын ард түмний тусгаар тогтнолын өдөр тохиосон. Америк улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш даруй 236 жил өнгөрсөн байна. Тэгвэл энэ тэмдэглэлт өдрийн хүрээнд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ахмад дайчид болон гэр бүлийнхэн, мөн шинээр АНУ-ын иргэншилтэй болж буй залуустай уулзжээ. Обама болон тэргүүн хатагтай Мишель нар цэргүүдийн гэр бүлийг Цагаан ордонд хүлээн авч, мах шаран, АНУ-ын Усан цэргийн хамтлагийг үзэж сонирхлоо. Обама цэргүүд болон гэр бүлийнхэнд нь талархаад, тэднийг “Америкийн хамгийн сайн сайхан зүйлсийн төлөөлөл” гэсэн юм. Мөн тус өдрийн өглөө шинээр Америкийн иргэн болон тангарагаа өргөсөн 25 цэргийн залуутай уулзаж, тэдний хийж бүтээсэн гавъяа Вашингтонд цагаачлалын хуулинд зохистой шинэчлэл хийх хэрэгтэйг сануулж байгаа гэлээ. “Цагаачлал Америкийг хүчирхэг болгодог. Цагаачлал биднийг улам хөгжүүлж, чинээлэг болгодог. Цагаачлал Америкийг 21-р зууны манлайлалд аваачдаг” хэмээн Обама хэллээ. Шинээр иргэн болж буй тэдгээр 25 цэргүүд 17 өөр орных аж. Өнгөрсөн сард ерөнхийлөгч хүүхэд байхаасаа АНУ-д ирэн цэргийн алба, коллежид орсон залуу хүмүүсийг хөөн гаргахаа болихыг Засгийн газартаа хэлсэн юм. Гэхдээ цагаачлалын системд зохистой шинэчлэл хийхийн тулд хийх ажил их байгааг онцолсон байна. Обамагийн энэ төрлийн асуудлыг шийдвэрлэх үйл явц удаан байгаад олон тооны Испани гаралтнууд бухимдаж байгаа юм. Испани гаралтнууд арваннэгдүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуулид томоохон сонгогчдын  бүлэг болж байгаа билээ. Хэдий тийм ч Испани гаралтай сонгогчдоос Обама өрсөлдөгч Митт Ромнитой харьцуулахад давуу санал авахаар байгаа юм. Ц.Мишээл            

СЭТГЭГДЭЛ БИЧИХ