Амь халуун ба архины халуун

img

УИХ-ын сонгуулийн санал хураалтын өдөр буюу зургадугаар сарын 28, тооллогын урьдчилсан дүн гарах 29-нд орон даяар архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон билээ. Гэсэн ч энэ өдрүүдэд зөвхөн Улаанбаатар хотод гэхэд архи зарж байна гэсэн 100 шахам мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж, 168 хүн эрүүлжүүлэгдсэн байх юм. Нийслэлийн гэр хорооллын цөөнгүй дэлгүүр архи нууцаар худалдаж, халамцуу залуус гудамжинд бишгүй тааралдаж байсныг иргэд ярьж байна. Хэдхэн хоногийн дараа улсын баяр наадам болно. Энэ үеэр согтуугаар нийгмийн хэв журам зөрчих, гэмт хэрэг үйлдэх, голын усанд осолдох, автотээврийн аваар ихсэх хандлагатай болдог тул архидан согтуурахгүй байхыг цагдаа, хууль хяналтын байгууллагаас анхааруулж эхлэв. Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам монголчуудад хандан, архийг бага хэрэглэж, айргаа ууж наадахыг захиж хэлсэн нь саяхан билээ. Сархад савнаасаа бусдыг дийлдэг. Хүний биеийн халууныг хэмждэг мөнгөн усны баганатай шилэн гуурсан дээр 38 хэмийн зураасыг улаанаар тэмдэглэсэн байдаг. Энэ бол амь халуун гэсэн үг. Түүнээс дээшилбэл эрүүл биед гаднаас ямар нэг гаж нөлөө үзүүлж, дархлааны систем эсэргүүцэн өвчин үүсэхийн дохио болдог байна. 38 хэмээс доош орвол осгох, үхлийн аюулын эхний шинж тэмдэг илэрч байна гэсэн үг. Гэтэл архийг 38 градустай үйлдвэрлэдэг нь санамсаргүй хэрэг биш аж. Энэ хоёр янзын шилэн хэрэгсэл дээрх 38 хэмийн тэмдэглэгээний нэг нь хүний амьд явахын нэгэн чухал баталгаа бол нөгөөх нь амьдралын нэг сэрэмжлүүлэг. Амь халуун бол биед тустай. Архины халуун бол нийгэмд аюултай. Гэтэл цөөхөн монголчуудад жилд таван сая литр спирт, 9,5 сая литр архи дарс, 3,3 сая литр шар айраг ногдож байна. Мэдээж нялхсаас өтгөс хүртэл бүх хүн амын тоонд хуваасан статистик үзүүлэлт учраас огт хэрэглэдэггүй иргэдийг хасвал зарим нь хэдэн торхоор хүртдэг байж таараа. Өнөөдөр татварын албанд бүртгэлтэй архины 93, спиртийн 12, шар айрагны 24 үйлдвэр ажиллаж байгаа ч импортоор их хэмжээний согтууруулах ундаа оруулж ирж байна. Тэдгээрийг 4538 дэлгүүр, 2198 баар, 452 ресторанд борлуулдаг. Тэгэхээр дандаа хундага тулгаж баярлаад байж таарахгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аливаа баяр ёслолыг архи дарсгүй тэмдэглэж, сүүн мялаалгатай болох тухай уриалсан билээ. Манай улсад хамгийн хойрго хэрэгжиж буй хуулиудын нэг бол яах аргагүй Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль. Халамжийн үйлчилгээний хамрах хүрээ хамаагүй тэлсэн өнгөрсөн жилүүдэд архидан согтуурах явдлыг зарим талаар өөгшүүлэх болсон. Албан ёсны статистик дүн бүртгэлээс иш татахад, Нийгмийн халамжийн сангаас 2012 оны нэгдүгээр сард 146,2 мянган хүнд 5,4 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгосон бөгөөд өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчдын тоо 10,6 мянга буюу 7,8 хувиар өсч, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 250 сая төгрөг буюу 4,8 хувиар нэмэгджээ. Өмнө нь зөвхөн хүүхдийн мөнгө олгож байхад их төлөв эрчүүдийн гар дээр очиж, өрхийн амьжиргаанд бодит нэмэр болж байсныг иргэд ярьж байна. “Хүний хөгжил” сангийн сар бүрийн 21 мянган төгрөгийг толгойтой болгон хүртдэг учраас балгах дуртай заримынх нь мөнгө банкны үүднээс архины дэлгүүрийн лангуун дээр шилжих болсон нь нууц биш байлаа. Дээр нь оюутнуудын тэтгэлэг сарын 70 мянган төгрөг олон баар, цэнгээний газрын орлогыг арвижуулах болсон. Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хүртэл хонхны баяраа лонхтой тэмдэглэж, эрүүлжүүлэх байрны хаалга татсан жишээ бий. Нийслэлийн Засаг даргын захирамжаар баар ресторан, архины дэлгүүрийн цагийн хуваарьт зохих хязгаар тавьснаар хөлгүй найрын хөл бага ч болов татрах янзтай. Оны эхний нэг сард улсын хэмжээнд 9,5 мянган хүн эрүүлжүүлэгдэж, 1,2 мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс эрүүлжүүлэгдсэн хүний тоо 613 буюу 6,1 хувиар буурч, баривчлагдсан хүний тоо 164 буюу 16,5 хувиар өссөн байна. 2265 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн жилийнхээс 413 хэргээр нэмэгджээ. Айсуй ардын хувьсгалын 91 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны түүхт 806 жилийн баяр наадмын үеэр амралтын таван өдөр тохиож байна. Энэ өдрүүдэд ард иргэд аажуу тайван наадаж, архи дарсны зохистой хэрэглээг эрхэмлэж, аль болох айргаа ууж, зуны дэлгэр өдрүүдийг зугаатай өнгөрүүлбэл жинхэнэ амралт болох буй заа. Х.Аянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Бямбацогт Нямдаваагаа жийчихсэн юм чинь Батболд Хүрэлсүх хоёроор хошногодуулна даа ккк
2012-07-05
ff:
Сонгуулийг яг зохион байгуулсан газар нь СЕХ биш, санал тоолох машинуудыг авчирсан Боди компани, зөвлөхөөр ни ажиллласан АНУ-хн Доминон Вотинг компани юм. Энэ жилийн сонгууль жинхэнэ сонгодог ЛУЙВАР болсон. СЕХ зайлуул хэдэн үнэн чадваргүй малнууд!! Зөвхөн цаанаас хэлж өгсөн дүнг ард түмэнд хэлэх л үүрэгтэй байсан, өөр ямар ч үүрэг роль байгаагүй!! Энэ жилийн сонгууль бол СОНГОДОГ ЛУЙВАР болсон! СЕХ дарга Лувсанжав гэх гадныханы зааварыг биелүүлсэн өгөр толгой, мөнгөнд толгойгоо мэдүүлж ард түмнээ хууран мэхлэв, энэ өгөр толгойд хахуулааар авсан мөнгө нь олз нь хоол болохгиү дээ, үр хүүхэд нь сайхан явахгүй дэ!!
2012-07-05
46:
Mongol arhidalt herees heterch 1 hund 32 litr noogdoj baigaa ni undesnii muheliin ayultai hemjeeg 4 dahin hetruulsen baina. Mongod havtgairsan arhidan sogtuurhal ayultai gazar avch muhel suireliin zamaar gulssar baiaag muu haranhui zasag ni mderch baigaa yum daanch algadaa.sos
2012-07-05
Altan:
Horigloj haagaad yamar ch nemer bolohgui ee erguu darganuudaa. Nen turuun avch heregjuuleh arga gevel ene buh spirtiin uildver, arhinii uildveruudiig tas haagaad 1 ymuu 2 undsen arhinii uildveree uldeegeed tatvariig ni mash undur taviad ter hemjeegeeree arhinii unee undur bolgoh heregtei. Neg shil har Chinggis gehed delguurt 30.000 baih jisheenii. Ingej baij l arhidalt bagasnuu gehees uur argaar bol butehgui
2012-07-05
уншигч:
Архины 38 градус бол уг шингэн 38 процентын алкогол агуулж байна гэсэн л санаа. Түүнээс биш халууны хэмтэй огтхон ч хамаагүй. тэгээд ч 40 градустай архи зөндөө л бдаг ш д. Хужаа нарынх архи бүүр 50 градус ч хүрдэг биз дээ хаха
2012-07-05