
Фукушима – 1 цахилгаан станцын ослыг шалгуулахаар Засгийн газраас томилсон шалгах хороо зургаан сар хийсэн шалгалтынхаа эцсийн тайланг өчигдөр тавьсан байна. Орон нутгийн цагаар өдрийн 14.00 цагт уг тайлан болсон аж.
Тэдний дүгнэлтээр энэхүү осол нь хүний санаатайгаар үйлдсэн осол буюу эрх баригчид, Засгийн газар болон тус станцыг ажиллуулагч “Токио Цахилгаан эрчим хүчний компани” хоорондоо хуйвалдсанаас үүссэн гэнэ.
Мөн тус тайланд ирээдүйд авах арга хэмжээг тусгасан бөгөөд Засгийн газрыг яаралтай ажил хэрэг болгох хэрэгтэйг уг шалгах хорооны дарга Киёоши Куракова хэллээ.
Өнгөрсөн арван хоёрдугаар сард томилогдсон 10 гишүүнтэй уг хороо цахилгаан станцын хэдэн зуун ажилчид, байгууллага болон Засгийн газрын албаныхан, үүнд тухайн үеийн Ерөнхий сайд байсан Кан зэрэг хүмүүсээс ярилцлага авсан байна.
Мөн Засгийн газар болон станцыг ажиллуулагч “Токио Цахилгаан эрчим хүчний компани” (ТЦЭХК) хоорондын харилцаа муутай байдал, басхүү хоёр байгууллага олон нийтэд цацраг идэвхжилтийн талаар чухал мэдээг хүргээгүй алдаа гаргасан зэргийг нэгэн хувийн эрдэм шинжилгээний автомат станцаас олж мэдсэн байна.
Урьдчилсан тайлангаар Ерөнхий сайд асан Наото Каныг Фукушимагийн асуудлын жижиг зүйл дээр илүү анхаарсан нь байдлыг дордуулсан хэмээн буруутгаж байгаа юм. Мөн ар араасаа цуварсан олон үүрэг даалгавар болон сул гүйцэтгэл хямралыг гүнзгийрүүлсэн байна.
Тиймээс аюулгүй байдал болон хямралын төлөвлөгөөг гаргах зардалд голлон анхааралгүйгээр нэгдсэн удирдлага, удирдамжтай болох хэрэгтэйг хороо санууллаа.
Мөн уг осолд газар хөдлөлтийн үзүүлсэн нөлөөг авч үзсэн бөгөөд энэ чухал асуудал хариулагдаагүй хэвээр эсвэл эхний тайлангуудад няцаагдсан байлаа.
ТЦЭХК өөрийн томилсон дотоод шалгалтын дүгнэлтээр газар хөдлөлт цахилгаан станцад голлох хохирлыг учруулаагүйг гаргасан байна.

Харин урьдчилан тооцоолоогүй үлэмж цунами гол шалтгаан болсон, цунамигийн үед авахаар төлөвлөсөн арга хэмжээ нь дэндүү энгийн мөн эхний мэдээллүүд учир дутагдалтай байсан гэж үзжээ.
Тайланг сонссоны дараагаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Такахиро Ёокомичи ирээдүйд гаргах эрчим хүчний бодлогыг тодорхойлохдоо тайланг харгалзах болно гэдгээ хэллээ.
Шалгах хорооны эцсийн тайлан өмнөх жилийн газар хөдлөлт, цунамигаас хойш анхны цөмийн реакторыг дахин ажиллуулж эхэлж байгаатай давхцан гарсан байна.
Цунамигаас хойш Япон улс ажиллаж байсан бүх цөмийн реакторуудаа засвар болон аюулгүй байдлын шалгалт хийхээр идэвхгүй болгосон юм. Япон улс нь цөмийн эрчим хүч ашиглалгүйгээр хоёр сар болсон байна.
“Охи – 3” цөмийн реакторыг энэ сарын 1-нд дахин ажиллуулахад Фукушимагийн ослоос үүдэн олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан ч, Засгийн газрын болон уг цахилгаан станцын албаныхан аюулгүй байдлын маш нарийн шалгалт хийснийг хэлсэн юм.
Ялангуяа станцын үйлдвэрлэл ачаалал өндөртэй байдаг зуны саруудад Япон улсыг тоггүй байлгахаас хамгаалах ач холбогдолтойг тэд сануулж байлаа.
“Одоо л бид аюулгүй, байнгын эрчим хүч гаргах анхны алхмыг хийх боломжтой болж байна” хэмээн тус станцыг ажиллуулдаг “Канзай Цахилгаан Эрчим хүч” компанийн дэд ерөнхийлөгч Хидеки Тоёомацу хэлжээ. Тэд мөн удахгүй дахин нэг реактор ажиллуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Энэ нь тус орны эргэн тойронд реакторууд ажиллуулах ажлын эхлэл байж болох юм. (AP)
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ