
Өчигдөр орой Пакистаны Гуджранвала хотын гудмаар Афганистаны бааз руу НАТО-гийн хангамжийн шугамыг дахин нээж байгаа явдлыг эсэргүүцэж хэдэн мянган хүн жагслаа.
Сөрөг хүчний удирдагч Имран Хан цугларсан олонд хандаж, уг шийдвэрийг буруушааж байв.
“АНУ Афганистан дахь тулаанаа зогсоосон тохиолдолд Засгийн газар НАТО-гийн хангамжийн шугамыг нээхийг зөвшөөрөх ёстой байсан юм. Ингэснээр терроризмийн эсрэг дайныг зогсоож болох байсан.
Харин тэдгээр улс төрчид бүгд Америкчуудын гар хөл болцгоосон байна” хэмээн дэмжигчиддээ хэлсэн байна.
Долоон сар хангамж нийлүүлээгүй байсны эцэст АНУ, НАТО-гийн хангамж ачсан эхний ээлжийн машинууд өчигдөр Пакистаны хилийг давсан юм.
Арван нэгдүгээр сард Америкийн агаарын цохилт Пакистаны 24 хилийн цэргийг хөнөөсний хариуд АНУ-аас өшөөгөө авч хангамжийг хаасан байсан билээ.
Тэгвэл энэ явдал нь хоёр улсын харилцаанд ахиц гарах нэгэн оч боллоо.
Хангамж нийлүүлэх замыг хаасан байсан тэр үед АНУ илүү өртөг өндөр, мөн илүү урт замаар буюу ОХУ-гаар дамжих замыг сонгохоос өөр аргагүй байсан юм.
Олон сарын турш хэлэлцсэний эцэст АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон хил дээр болсон аллагад хүлцэл өчсөнөөр Пакистан мягмар гаригт шугамыг дахин нээхийг зөвшөөрсөн билээ.
Ц.Мишээл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ